Ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос хойш буюу 28 жилийн хугацаанд Засгийн газар 18 удаа огцорчээ. Ж.Эрдэнэбатын танхимыг намын нөхөд нь дэвсэлж, мад тавилаа. Богино хугацаанд болоод өнгөрсөн энэхүү улс төрийн драм Монгол төрийн дархлаа улам хэврэг болж буйг илтгэж байна. Тэгээд бүр ууган хүчнээс Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэн томилж байхад намынх нь 28 гишүүн чуулганы танхимд хамраа ч цухуйлгасангүй. Товчхондоо “60 тэрбумын багийнхан” нам дотроо Бүдүүн бүлэг байгуулж буй юм байх.
Гэхдээ л У.Хүрэлсүх хэн хүний мөрөөдөөд, мөнгө төлөөд хүрдэггүй албан тушаалын зам мөрийг сайн зассан учраас сөрөг хүчний хэдэн нөхрөөр эерэг кноп даруулж чадлаа. Нэгэн цагт Н.Алтанхуяг намын томчуудтайгаа ам мурийн МАН-тай ураг барилдан Ц.Нямдорж мэтийн луухгаруудад ад үзэгдэж явсан түүхтэй. Харин өнөөдөр У.Хүрэлсүх АН-ын нөхдөөр түшиг хийн замдаа гарлаа.
Шинэ байгуулагдах засагт зовлон их байна. Хэрэв У.Хүрэлсүх дангаараа Засгийн газраа бүрдүүлнэ гэвэл өөрийг нь дэмжиж кноп дарсан 47 гишүүнээс сонголтоо хийх боломжтой. Тэр нь Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан тал болон АН, МАХН, бие даагч гэсэн сонголт. У.Хүрэлсүхийн хувьд АН-д хоёр ч сайдын суудал өгөх тохироо хийсэн учраас чуулганы хуралдаанаар АН-ын гишүүдийн дэмжлэгийг авсан гэх яриа Төрийн ордноор тэнүүчилж байна. Гэвч АН-ын бүлгийн дарга чуулганы танхимаас “Манай намынхан сайдын суудал авахгүй” хэмээн өндөр дуугаар хэлнэ лээ. Гэхдээ л АН-ын гишүүдэд боломж олдвол үгүй гэж дуугарах хүн байхгүй нь бодит үнэн. Зарим гишүүд нь ч бүр тодорхой яамыг авна гэдгээ чуулганы хуралдаан дээр битүүхэн утгатайгаар илэрхийлсэн. Юутай ч У.Хүрэлсүх юмны эзэн шиг харагдаж байвч ирээдүйгээ бодох хэрэгтэй.
Төрийн ордны түүхэн хананд цагаасаа өмнө жаазтай хөрөг болон үлдчихгүйн тулд шинэ Ерөнхий сайд багаа хэрхэн бүрдүүлэх, хэнтэй тохиролцохоос энэ Засгийн газрын урт, богино настай байх нь хамаарна.
Хэрэв У.Хүрэлсүх МАН-ын нөгөө “бүлэг”-тэйгээ тохиролцож чадахгүй бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Их хурал дээр намын даргад нэр дэвшүүлж, сонгох тухай яриа Тусгаар тогтнолын ордноос дуулдах боллоо. МАН-ын даргын албан тушаал Ерөнхий сайдын суудлыг жин дарахуйц хэмжээний үнэд хүрэх цаг юм даг уу…
Цаашлаад МАН-ын гарын үсэг зурсан тал дотор Сү.Батболдын гэх том фракц сайдын суудал хуваалцахаар үгсэн хуйвалдаж, зулгаацгааж байна. Үнэндээ цагаан захтнуудын хэлсэн, ярьсан тохироо нь ийм байсан гэх. Тэгэхээр ядаж л Сү.Батболдын фракцын хамт олонд цөөн ч болов сайдын суудал өгөхөөс өөр гарц байхгүй. Тэгж гэмээнэ энэ засаг урт наслах нигуртай.
Юутай ч энэ өдрүүдийн хамгийн чухал тохиролцоог У.Хүрэлсүх дангаараа эсвэл хамтаараа шийдвэрлэх болох нь. Гэхдээ түүнд цаг давчуу байгаа гэдгийг сануулах нь илүүц биз.
О.МӨРӨН
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.