Увс аймгийн Тариалан сумын нутаг “Бор хавцал”, “Бургастай”, “Мээрэн”, Өмнөговь сумын “Гэдэг”, Түргэн сумын “Бургастай”, “Илжгийн боом” гэх газруудад долдугаар сарын 25-наас өнөөдрийг хүртэл 10 гаруй компани хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа ажээ. Энэ талаар Увс аймгаас иргэн Ж.Эрдэнэтогтох мэдээлэл ирүүллээ.
Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар аймгийн хэмжээнд 22.98 га газарт нөхөн сэргээлт хийлгэхээр 40 сая төгрөг төсөвлөн, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байна. Гэтэл Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан нөхөн сэргээлт хийх га талбайг гурав дахин нэмэгдүүлж, 60 га талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр хууль бусаар тендерийг 2017 оны долдугаар сарын 6-нд зарлаж, шалгарсан компаниудтай долдугаар сарын 25-нд гэрээ байгуулжээ. Нутгийн өөрөө удирдах байгууллага, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг зөрчиж нөхөн сэргээлтийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх эрхийг олгожээ.
Энэ оны долдугаар сарын 28-нд ХЗДХ-ийн сайдын албан тоот гарч техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх нь хууль бусаар ашигт малтмал олборлохыг өөгшүүлж байгаа учраас таслан зогсоохыг аймгийн дарга нарт үүрэг болгосон байдаг. Иймд долдугаар сарын 25-ны өдөр Засаг дарга болон компаниудын хооронд байгуулсан нөхөн сэргээлтийн гэрээнүүд хүчингүй болсон гэсэн үг. Гэтэл энэхүү Хууль зүйн сайдын албан тоот хэрэгжихгүй байсаар компаниуд хоёр сар орчим хууль бусаар ашигт малтмал олборлоод байгаа ажээ.
Увс аймгийн иргэн Ж.Эрдэнэтогтох “Тариалан сумын Бургастай, Мээрэнгийн чиглэлд яваад ирлээ. Хэдхэн хоногийн өмнө аймгийн ХБХ-ын дарга хууль бусаар алт олборлож байсан компаниудыг буулгасан гэсэн мэдээлэл хийж байсан бол өнөөдөр нөгөө компаниуд нь алт олборлож байсан газраа цөлмөж дуусгачхаад шинэ газар сүйтгээд эхэлсэн байх юм. Мөн манай аймагт Хятад, Солонгосын компаниуд ирчихсэн Өмнөговь болон Түргэн сумын нутагт алт олборлож байна. Хууль бусаар алт олборлоод гурван сар болж байхад аймгийн удирдлагууд, мэргэжлийн хяналт, холбогдох байгууллагууд арга хэмжээ авахгүй байгаа нь харамсалтай. Иймд нутгийн ард иргэд газар шорооныхоо төлөө тэмцэхгүй бол болохгүй болжээ” гэлээ.
Өнөөдрийн байдлаар Увс аймагт 10 гаруй компани нөхөн сэргээлт хийх нэрээр хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа бөгөөд үүнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Аймгийн ЗДТГ-аас ямар нэгэн хяналт шалгалт хийж арга хэмжээ аваагүй байна. Иймд нутгийн ард иргэд ихээхэн эсэргүүцэж байгаа юм. Иргэдийн зүгээс хууль бус үйлдэлд Засаг дарга болон Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд дариу арга хэмжээ авахыг анхааруулж буй ажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Засаг дарга нарт хууль хэрэгжүүлэх тухай доорх албан тоотыг хүргүүлж байв.