Хатагтай Фавзиа Күүфи: С.Зориг агсны хэргийг нууцын зэрэглэлээс гаргана гэдэгт найдаж байна

2017-09-13 Гадаад харилцаа

Хэвлэлийн бага хурал

Афганистан улсын парламентын гишүүн, Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгч, хатагтай Фавзиа Күүфи өнөөдөр манай улсад албан томилолтоор ажилласан талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Хатагтай Фавзиа Күүфи мэдээллийнхээ эхэнд ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны талаар товч мэдээлэл өгсөн юм. Уг хорооны зорилго эрх нь зөрчигдсөн парламентын гишүүн, эсвэл гишүүн байх үед эрх нь зөрчигдсөн иргэн, улс төрийн нам, Хүний эрхийн үндэсний хороо болон олон улсын байгууллагуудаас ирсэн гомдол, саналыг хүлээн авч тухайн улсын холбогдох албаныхантай уулзаж мэдээлэл, баримтуудыг тодруулж, шалгахад оршдог аж.

Тэрбээр манай улсад албан томилолтоор ажилласан тухайгаа “Бидний энэ удаагийн албан томилолтын зорилго С.Зориг агсны хэргийн талаарх үнэнийг тодруулахад оршиж байлаа. Бид С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлаар албаны болон бусад хүмүүстэй уулзсан. Харамсалтай нь хэрэгт яллагдсан хүмүүстэй уулзаж чадсангүй.  ОУПХ-нд энэ хэрэг 2000 онд албан ёсоор ирсэн байдаг. Энэхүү хэрэгтэй холбогдуулж Парламентчдын хүний эрхийн хороо 50 удаа шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улсад гурван удаа ирж ажиллаад байна.

Олон улсын хууль тогтоомж, гэрээ, конвенцийн хүрээнд бид Засгийн газар, хууль тогтох байгууллагуудад туслаж, дэмжлэг үзүүлэхийг зорьдог. С.Зориг агсны хэрэг Монгол Улсын хувьд нууцын зэрэглэлтэй тул тодорхой нарийн мэдээлэл авах боломж хомс байдаг гэсэн ч Парламентчдын хүний эрхийн хороо С.Зориг агсны хэргийг анхааралдаа байнга байлгах болно.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар энэхүү хэргийг үнэн зөв, шуурхай шийдвэрлэхэд тодорхой арга хэмжээ авч, нууцын зэрэглэлээс гаргана гэдэгт найдаж байна. Мөн тус хэргийн илрүүлэлтийн явцад хэн нэгнийг эрүүдэн шүүх үйл ажиллагаа явуулахгүй байх гэдэгт итгэж байна.

Бид Монгол Улсад албан томилолтоор ажилласан ОУПХ-ны төлөөлөгчдийн тайланг өөрийн албан ёсны цахим хуудастаа байрлуулж, ОУПХ-ны Удирдах зөвлөлөөр хэлэлцэх болно” гэлээ.

Мөн ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо энэ хэргийг байнга анхааралдаа байлгаж, хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлүүлэх асуудлаар УИХ-тай хамтран ажилласаар ирсэн гэдгийг тодотгож байсан юм.

Дашрамд дуулгахад, ОУПХ-ны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бахрейн Улсын парламентын гишүүн, хуульч, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүн, ноён Али Аларади, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Гаелл Ларок нар багтсан байна.

О.Мөрөн

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.