Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Баятбаяртай цөөн хором ярилцлаа.
-Хөгжлийн банк өмнө нь олгосон зээлүүдээ хоёр ангилаад нэг хэсгийг нь шүүхэд өгсөн байгаа. Харин нөгөө хэсгийг нь эргэн төлөх боломжтой гэж үзээд арга хэмжээ авч ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Монгол Улсын Засгийн газрын босгосон томоохон бондууд буюу зээлүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдэд зарцуулсан. Нэлээд хэдэн төслүүд бий. Гэхдээ тухайн төслөөс гадна төсөл хэрэгжүүлэгчийн санхүүгийн хариуцлагаас шалтгаалаад хэрэгжиж чадаагүй төслүүд байна.
-Тухайлбал?
-Зарим нь хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж байна. Шүүхийн байгууллагад шилжүүлэхээр бэлдсэн хэд хэдэн төслүүд ч бас байна. Эхний ээлжинд 200 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний төслүүдийг шүүхэд шилжүүлэхээр бэлдэж байна. Харин эргэн төлөх боломжтой гэж үзсэн төслүүд дээр бид эргэн төлүүлэхийн тулд арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хөгжлийн банк, арилжааны банкуудаар дамжуулан нэг их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг хийсэн. Энэ зээлүүдийн эргэн төлөлтийг банкууд хариуцах гэрээтэй. Тиймээс арилжааны 11 банкаар өгсөн зээлүүдийг эргэн төлүүлэх үүргийнхээ дагуу ажиллаж байгаа.
-Дэд бүтцийн 16 том төсөл байгаа гэж сонссон. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?
-Тийм ээ, 16 том төсөл бий. Эдгээр төсөлд зориулж нэг их наяд төгрөгийн зээлийг Хөгжлийн банк өмнө нь олгосон. Үүний эргэн төлөлтийг сайжруулах тал дээр уулзалт хэлцэлүүдийг хийгээд явж байна. Бид 300-гаад сая ам.долларын төлбөрийг 2017 оны үлдсэн хугацаанд хийгээд дуусч байна. 10 дугаар сарын эхэнд бага хэмжээний төлбөртэй. Гадна талдаа бол санхүүгийн байгууллагууд болон бусад банкуудтай эх үүсвэрийнхээ гэрээг амжилттай хийгээд явж байна. Гол асуудал нь эх үүсвэрийн мөнгөө авахаас өмнө ямар төслийг юунд оруулах вэ гэсэн ТЭЗҮ-гээ хийж дуусгах, хоёрдугаарт тэр төсөл дээр санхүүжүүлтээ хамтран хийх, хамтран хөрөнгө оруулах, түншээ оновчтой тодорхойлж хамтран санхүүжүүлэх чиглэл нь тодорхой болсон байх ёстой.