Ерөнхийлөгч Х.Баттулга Шадар сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг буцаалаа

2017-08-28 Ерөнхийлөгч
Зураг

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шадар сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад буцаах тухай албан бичиг илгээжээ.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө наймдугаар сарын 17-ны өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлсэн юм. Тэрбээр өргөдөлдөө, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй болсон тухайгаа дурдаад нэр бүхий хуулийн заалтуудыг үндэслэн хамтран ажиллахаас татгалзаж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна хэмээсэн юм.

Шадар сайдыг уг саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр наймдугаар сарын 22-нд хүргүүлсэн. Харин уг саналд Ерөнхийлөгч Х.Баттулга дараах хариултыг өгчээ.

Тодруулбал “Таны 2017 оны 08 сарын 22-ны өдрийн ЗГ-1/115 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичигтэй танилцлаа. Тус албан бичигт Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал илэрхийлж, танилцуулга, УИХ-аар хэлэлцэгдэх тогтоолын төслийг хавсаргасан байна.

Миний бие Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл авсны үндсэн дээр зөвшилцөх шаардлагатай гэж үзэж байна.

Таны ирүүлсэн албан бичигт Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хавсаргаагүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу зөвшилцөх нөхцөл бүрдэхгүй байна. Иймд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай гаргасан хүсэлтийг хавсаргаж, зөвшилцөх тухай саналаа дахин ирүүлэхийг хүсье. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.