Халдварт өвчний 80 гаруй хувь нь уснаас  үүдэлтэй

2017-07-5 Нийтлэл

Усны 98 хувь нь өөрийнх нь молекулаас тогтсон, үлдсэн хоёр хувь нь хуурай бодис, ууссан давснаас тогтдог байна. Эдгээр найрлагаас  хамаарч усыг хатуу, зөөлөн гэж ангилдаг байна. Мөн бид уснаас кальци авдаг. Гэхдээ халдварт өвчний 80 гаруй хувь нь уснаас үүдэлтэй гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.

Урин дулаан цаг болж  гэдэсний халдварт өвчин ихэсдэг энэ үед бид уух усаа цэвэр эрүүл байлгаж чадвал элдэв төрлийн халдварт өвчнөөс сэргийлж чадна. Ингэхийн тулд бид ундны усныхаа  тухай мэддэг байх хэрэгтэй юм.

Эрүүл уснаас хлор амтагддаг

Хэрэглэгчдэд түгээж байгаа ундны усыг хлоржуулах шалтгаан нь шугам хоолой тодорхой хугацаанд буюу 50 гаруй жил ашиглагдсан учраас зэврэлт, эвдрэл зэргээс бохирдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор  хэрэглэдэг байна. Дэлхийн олон орон өнөөдөр усыг хлороор халдваргүйжүүлэн хэрэглэдэг. Манай орны хувьд гүний цэнгэг ус хэрэглэдэг учраас усыг хлоржуулсаны дараа дагалдах дайвар бүтээгдэхүүн үүсэх эрсдэл бага байдаг аж.

Ундны уснаас хлор амтагдаж байна гэдэг нь тухайн ус эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, ямар нэгэн бактериар бохирдоогүйн баталгаа  аж. Монгол Улсын стандартад зааснаар 0.3 мл хлор ундны усанд байх ёстой бөгөөд энэ хэмжээ нь үнэр, амтанд мэдрэг хүмүүст шууд үнэртэж, амтагддаг. Хэрэв ус хлорын амттай, үнэртэй байвал та усаа тодорхой хугацаанд хөргөгчинд хийж  байгаад  хэрэглэж болох аж.

 Хэрэглээний усны олон улсын стандарт

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан ундны усны чанарт тавих зөвлөмж гэж бий.Үүний дагуу ундны усанд ямар бодис, хольц байх ёстой вэ гэдгийг зааж өгсөн байдаг. Монгол Улсын хэмжээнд энэхүү зөвлөмжөөс аван өөрийн орны нөхцөл байдалд тохируулан MNS 900:2005 гэдэг стандартыг гаргасан байдаг. Энэ стандарт дэлхийн хүн амын ууж хэрэглэж байгаа ундны усны чанар, жишигт нийцсэн.

Ус цэвэршүүлэгч

Ус цэвэршүүлэгч хэрэглэх нь хэдийгээр хувь хүний сонголт ч эхлээд ууж байгаа усаа шинжлүүлсэний дараа ус цэвэршүүлэгч хэрэглэх нь таны эрүүл мэндэд хэрэгтэй гэдгийг  санах хэрэгтэй. Учир нь уух усаа шинжлүүлэлгүйгээр  ус цэвэршүүлэгч  хэрэглэснээр  усны хэрэгцээт  бодисыг сарниах эрсдэлтэй юм.

Бид усны тухай  хэр мэдэх вэ

Бидний уураг тархины 85 хувь нь ус байдаг болохоор түүний ачаар бид бодож, сэтгэж мэдээллийг хадгалж чаддаг байна. Хүний биеийн 70 хувь нь ус байдаг. Ууж байгаа уснаас хүний эрүүл мэнд, гоо сайхан байдал хамаардаг гэдгийг бид төдийлөн сайн мэддэггүй.Тодруулж хэлбэл ууж байгаа усны чанараас бидний эрүүл мэнд шууд хамаардаг гэсэн үг юм. Усаар дамжиж бид өвчлөлийнхөө 80-90 хувийг авдаг байх жишээтэй. Эндээс ус хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой болохыг хялбархан мэдэж болох юм. Хэрэв та сайн сайхан зүйлийн талаар бодож сэтгэж байвал таны хэрэглэж буй шингэний бүтэц таныг эмчлэх хэмжээнд хүртэл өөрчлөгддөг гэдгийг  Оросын эрдэмтэн Зенин хэд хэдэн судалгаандаа өгүүлсэн байдаг.

Мөн Японы эрдэмтэн Эмото Масару орчны нөлөөллөөр усны молекулын бүтэц хэрхэн өөрчлөгддөг  тухай судалгаа хийж үр дүнг нь гэрэл зургаар  баталгаажуулсан байдаг шүү дээ.  Жишээлбэл бохир ус нь эвдэрсэн байдаг бол, өндөр уулын болон горхины ус маш гайхамшигтай геометр бүтэцтэй болдог байна. Мөн ус нь сонгодог хөгжим, “хайр” гэсэн үгийн нөлөөгөөр маш сайхан бүтэцтэй болсон байдаг. Өөр нэгэн жишээ бол Энэтхэгийн Ганга мөрөн нь гадаад байдлаараа бохирдолтой мэт харагддаг ч дэлхий дээр хамгийн хүчирхэг эерэг эрчим хүчийг тээж явдаг  аж.
Хүмүүс бид усны талаар хэдий чинээ мэдлэгтэй байна, тэр хэмжээгээр эрүүл мэндээ хамгаалдаг учиртайг мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Иймээс бид өдөр тутам амьд, сулхан шүлтлэг бүхий 1,5-2 л ус уугаад сурчихвал эрүүл зөв амьдрах боломжоо бүрдүүлж байна гэсэн үг юм.

Усыг ямар саванд хадгалах вэ

Аливаа хүн биеийн жиндээ зохицуулж ус хэрэглэх ба 1 кг жинд 30 мл ус ногдохоор тооцох хэрэгтэй аж.

Гэхдээ уух ус тань  цэвэр, зөв хадгалагдсан байх ёстой.  Тэгэхлээр  бид уух усаа цэвэр байлгахын тулд ус хийх саваа зөв сонгох нь чухал юм. Сүүлийн үед хөгшин  залуу, эр эмгүй бүгд л савтай ус барьж яваа харагддаг.  Хэдийгээр  ус ууж байгаа нь сайн талтай ч  цэвэр ус хэрэглэж байна уу гэвэл үгүй юм. Яагаад ийн хэлж байна гэвэл тэдгээр хүмүүс бүгд  хуванцар саванд усаа хийсэн байдаг.  Тэгвэл усыг хуванцар саванд биш шилэн саванд хадгалах нь хамгийн зохистой. Ус нь түгээмэл чанартай уусгагч бөгөөд харьцаж байгаа ямар нэгэн зүйлийг уусгадаг. Хэрэв ус хуванцар саванд хадгалагдаж байгаа бол хуванцартай их бага хэмжээгээр  химийн урвалд ордог байна. Хэрэв ус шилэн саванд хадгалагдаж байвал амт сайтай, тунгалаг харагдах ба таны биед ач тустай гэдэгт  анхаарах  хэрэгтэй.

СБД-ийн 7-р хороо “Энхсүндэр” ӨЭМТөв

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.