МҮЭХ, МҮХАҮТ болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийг улс орны эдийн засагт хүндрэл учруулах хэмжээний амлалт өгөхгүй байхыг уриаллаа.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭХ аль нэг улс төрийн намыг дэмждэггүй. Зөвхөн Хөдөлмөрчдийн нийгмийн захиалгыг сонгуульд өрсөлдөж буй улс төрийн намуудад гардуулан өгдөг. Харин энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй улс төрийн намууд сонгуулийн санал хураах өдөр ойртох тусам иргэдийн саналыг авахын тулд улс орны эдийн засгийг улам бүр хүндрүүлж мэдэх амлалт өгч байна. Тиймээс энэ мэт бодлогогүй амлалт өгөхгүй байхыг уриалж байна” гэлээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Өмнөх сонгуулиудаар өгсөн популист амлалтуудаас болж хөдөлмөр эрхэлж буй олон иргэд ажилгүй болж, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барихад хүрсэн. Энэ удаагийн сонгуулиар ч мөн энэ байдал давтагдахгүй гэх баталгаа алга. Иймээс улс орны эдийн засгийг сүйрлийн хэмжээнд хүргэж мэдэх амлалтаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид татгалзах ёстой” гэсэн байр суурьтай байна.
А.Уянга