
Шинэ хичээлийн жил хаяанд ирж, эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт өгөхөөр бэлтгэж буй энэ өдрүүдэд нэгэн асуудлыг төр засгийнхны чихэнд хүргэхийг зорив. Энэ бол өнгөрсөн намраас эхлэн төрийн өмчит цэцэрлэгүүдэд элсэж буй хүүхдүүдээс гэдэсний цагаан хорхойн шинжилгээний бичгийг заавал шаардахаа болисонтой холбоотой урьдчилан таамаглаж байсан бодит аюул юм. Эмнэлгүүдийн урт дараалал, ачааллыг бууруулах нэрийдлээр урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг цаасны ажил хэмээн үзэж, сайн дурын хэлбэрт шилжүүлсэн Эрүүл мэндийн яамны өрөөсгөл шийдвэр нь практик дээрээ цэцэрлэгийн анги танхимуудыг шимэгч хорхойн халдварын голомт болгон хувиргав.
Нэг ангид халдвартай ганцхан хүүхэд элсэхэд л дундаа хэрэглэдэг тоглоом, ахуйн эд зүйлсээр дамжин 30-40 хүүхэд зэрэг өвчилж, улмаар гэр бүлийн гишүүдэд халдвар гинжин хэлхээгээр тархах эрсдэлийг төр засаг өөрөө бий болгосон гэхэд хилсдэггүй.
Бодит байдал дээр цэцэрлэгийн насны хүүхдүүд ахуйн ариун цэврийг бие даан бүрэн сахиж чаддаггүй тул анги танхимын өндөр нягтаршил дунд цагаан хорхойн өндөг маш хурдтай тархдаг болохыг салбарын эмч нар сануулж, хэлсээр байгаа юм. Гэвч Боловсролын яамны зүгээс эл асуудлыг “Эрүүл мэндийн сайдын гаргасан журам, эмнэлгийн зохицуулалт” хэмээн өөрөөсөө холдуулж, хариуцлагыг бултуулах хандлага гаргаж байгаа нь төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээсээ ухарч буйн илрэл гэлтэй.
Зүй нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй орчинд сурч хүмүүжих эрх бол аль нэг яамны дангаараа өмчлөх эсвэл хаяж гээх тухай биш салбар хоорондын нягт уялдаа холбоог шаарддаг үндэсний хэмжээний сэдэв мөн билээ. Өнөөдөр эцэг эхчүүд Боловсролын сайд болон Эрүүл мэндийн сайдаас хариуцлагатай бөгөөд зоригтой алхам хүлээж байна. Сайд нар бие бие рүүгээ асуудлыг түлхэж, дунд нь бяцхан багачууд хохирдог хуучин тогтолцоог халах цаг болсон. Төрөөс яаралтай хамтарсан тушаал, шийдвэр гарган хичээлийн жил эхлэхээс өмнө болон хаврын улиралд цэцэрлэгийн бүх хүүхэд, багш ажилчдыг нэгдсэн удирдамжаар зэрэг туулгажуулах, эсвэл цэцэрлэгийн эмч нарын хяналтаар ангиудад үе шаттай, түүврийн аргаар илрүүлэг шинжилгээг тогтмол зохион байгуулах санхүүжилт, бүтцийг шийдэх ёстой. Иргэд, эцэг эхчүүдийн зүгээс төрийн шийдвэрийг зүгээр нэг хүлээж суухгүй, ирэх хичээлийн жилд хүүхдүүдийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалахыг анхааралтай ажиглаж, шаардлагаа үргэлжлүүлэн хүргүүлэх болно гэдгээ хатуу сануулж байна.

2 цагийн өмнө
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
2026-08-18
2026-08-17
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.