
“AI нэвтрүүлэлт бол зөвхөн сургалтын асуудал биш, байгууллагын соёлын асуудал юм” гэж Gartner-ийн тайланд дурджээ.
Хэрэв байгууллага хиймэл оюун ухааны талаар хүмүүс төвтэй, цогц стратегигүй хэвээр байвал 2027 он гэхэд шилдэг AI талентуудаа илүү сайн бэлтгэгдсэн өрсөлдөгч байгууллагуудад алдах эрсдэлтэй байгааг Лхагва гарагт гарсан Gartner-ийн тайланд онцолсон байна.
Тус байгууллага 2026 оны 1-р улиралд 12,000 гаруй ажилтан, менежерээс судалгаа авчээ. Судалгаагаар ийм стратегигүй байгууллагуудын тал хувь нь шилдэг ажилтнуудаа алдах эрсдэлтэй гэж гарсан байна.
Gartner HR practice-ийн ахлах шинжээч Swagatam Basu
“AI-д суурилсан ажиллах хүч рүү шилжих явцад ихэнх удирдлагууд AI хэрэгслийн хүртээмж, ашиглалтын үзүүлэлтүүдийг жинхэнэ өөрчлөлттэй андуурч байна. Энэ төрлийн ‘хуурамч бэлэн байдал’ нь бодит эрсдэлүүдийг далдалж, хөрөнгө оруулалтын өгөөжийг бууруулж байна” гэжээ.
Олон байгууллагын хувьд хамгийн том асуулт нь AI-ийн амжилтыг хэрхэн хэмжих вэ гэдэг асуудал болоод байна. Удирдлагууд хиймэл оюун ухаанд суурилсан хэрэгсэл ашигласнаар хэмнэсэн цагаар үр дүнг хэмждэг ч Gartner-ийн судалгаанд оролцсон ажилтнуудын 19% нь AI ашиглаад ямар ч цаг хэмнээгүй гэж хариулжээ.
Иймээс Gartner-ийн үзэж байгаагаар байгууллагууд AI-ийн амжилтыг зөвхөн нэвтрүүлэлтээр биш,хиймэл оюун ухаанд суурилсан хэрэгсэлтэй хэр гүнзгий, олон талт байдлаар ажиллаж байгаагаар нь хэмжих хэрэгтэй аж.
Мөн хиймэл оюун ухаанд суурилсан хэрэгслийг ихэвчлэн менежерүүд болон удирдах түвшний хүмүүс хамгийн амархан ашиглаж байгаа бол өдөр тутмын ажлыг гүйцэтгэдэг ажилтнууд хангалттай дэмжлэг, чиглүүлэг авч чадахгүй байгаа нь нийт бүтээмжийг хязгаарлаж байна гэж Gartner онцолжээ.
Энэ оны эхээр гарсан Forrester-ийн тайланд ч ажилтнууд AI-г хэрхэн зөв ашиглахаа мэдэхгүй байгаа нь байгууллагууд суралцах орчин бүрдүүлээгүйтэй холбоотой гэж дурдсан байна.
Мөн ажилтнууд AI-аас болж ажлаа алдах вий гэсэн айдастай хэвээр байгааг Gartner тэмдэглэжээ.
“AI нэвтрүүлэлт бол зөвхөн сургалтын асуудал биш, байгууллагын соёлтой холбоотой асуудал юм. Энгийн программын сургалт болон техникийн мэдлэг олгох нь ажилтнуудын итгэл, хандлагыг өөрчилж чаддаггүй” гэж Gartner-ийн мэдэгдэлд дурдсан байна.
2025 оны Mercer-ийн тайланд дурдсанаар, шинэ технологийн талаар удирдлагууд хангалттай мэдээлэл өгдөггүй бол ажилтнуудын дунд итгэлцлийн зөрүү үүсэж, улмаар технологийн хэрэглээ буурдаг аж.
Харин AI ашиглалтын тодорхой дүрэм журамтай, дэмждэг ажлын соёлтой, ажилтнуудын хөгжлийг дэмждэг бодлоготой байгууллагууд AI нэвтрүүлэлтээс илүү өндөр үр өгөөж хүртдэг болохыг Microsoft-ийн саяхны тайлан харуулжээ.
Swagatam Basu:
“AI нэвтрүүлэлтийг эерэг болгодог хамгийн хүчтэй хүчин зүйлс нь ажилтнууд өөрсдийн одоогийн болон ирээдүйн үүрэгтээ итгэлтэй байх, мөн AI хэрхэн ашиглагдах болон ажлын байранд ямар нөлөө үзүүлэх талаар ил тод, тасралтгүй харилцах явдал юм” гэжээ.
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
2026-06-9
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.