Хамтарсан засгийн дөрөөн чимээ айсуй…

2 цагийн өмнө slider

Ө.БАТБИЛЭГ

Улс төрд: Нэн асуудалтай 26 оны төсвийн тодотголыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлсэн өдрөөс эдүгээгийн засгийн рейтинг гэрлийн хурдаар доошилж. 27 оны төсөв ч асуудал их. Ориг, хулхи шүүмж битүү бүчих шинжтэй. Тэрнийг нь засаг даахад хэцүү. Тэрний нотолгоо тамхины цэг дээрх нэг шинэ мэдээ: Ээлжит бус чуулганы эхний долоо хоногт улс төрийн талууд эдүгээгийн засгийг шууд болоод шууд бус утгаар нь унасанд тооцож. Дараачийн засаг Хамтарсан засаг байх улс төрийн нууц хэлэлцээрүүд болоод эхэлж. Шинэ Хамтарсан засгийн Ерөнхий сайд нь Сангийн сайд байсан, эдүгээ УИХ-ын ТББХ-ны дарга Б.Жавхлан болж магад. Энэхүү хямралт, зөрчилт цаг үед эдийн засагч хүнд тамга, эрх мэдэл атгуулах нь зүй гэх юм улс төрд тарсныг бүгдээрээ сонссон байх. Б.Жавхлангийн эдийн засгийн туршлага давуу тал болж буй хэрэг.

Мөнхүү: Эдүгээгийн засгийн өргөсөн төсвийг засаж чадна гэж шинэ засагт хамтрах талууд үзэж буй гэнэ.

Гэвчиг: Эдүгээгийн засаг улс төрийн ухралт дайралтаа тэнцүүлж, ончтой маневр, зөв алхам хийх аваас хаа хаанаа хохирол гэмтэлгүй үлдэх гарц байгаа. Энийг олж харж мэдэрч гэмээнэ эдүгээгийн засаг ганхаж уналгүй үлдэх бололцоотой. Өөр юм нь: Засаг үлдэх, унах нь гагц МАН-ын доторх зөрчил, эдийн засгийн хямралаас болоод байгаа юм биш. Засаг үлдэнэ гэвэл томоор нь харж тоглохоос өөр гарцгүй. Юун түрүүнд: 27 оны сонгуультай холбогдох байдал байгаа. Эдүгээ 27 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кандидатуудын өрсөлдөөн ширүүссэн. Тэрний хэмжээгээр МАН-ын 70 оны улстөрчид хоорондоо болоод саад тотгор боллоо гэж үзвэл хэнийг ч унагах, оролдохоос сийхээ больж. 80 оныхныг намын дарга болгож, дээрээ гаргаад таван жил дор нь тонгочсон. Арайхийн сольтол 90 оны даргатай болж баларч. Эдүгээ унагачих гээд үзээд байгаа гэх.

Уулаасаа: 70 оны улстөрчид хэн нь нэр дэвшихийг 90 оны дүүд мөргөж шийдүүлэх хүсэлгүй гэх. Ээлжит бусаар орж байгаа 26 оны төсвийн тодотгол, ээлжит чуулганаар ярих төсөв гэх мэт нь засгийн алдаа юу, зохион байгуулалттай ажиллагаа юу гэдэг ойлгогдохоо больж. Төсвийн тодотголыг яг сайхан хэлэлцэж байтал нь: Хувийн сургуульдаа мөнгө өгөх нь гэх дуулиан тарж байгаа нь эргэлзээ төрүүлэм.

Гэтэл нь ачир дээрээ: МАН-аас дөрвөн кандидат өөр хоорондоо ширүүн үзэж байгаа ч АН-ын Н.Алтанхуяг бүгдээс нь өндөр рейтингтэй. МАН-ын дөрөв нийлээд АН-ын Н.Алтанхуягийн рейтингэд хүрэхтэй үгүйтэй гарсан судалгааны бодит дүнгүүд байгаа. Энийг эрх баригчид хориглон зогсоохыг хүсэж байгаа авч Дээд шүүхэд хувьсгал гарснаас болж тэдний контролоос гарч.

Энүүнээс гадна: МАН-ын эдүгээгийн удирдлага хууль хяналтын байгууллагаар далайлгаж Нийслэлийн МАН-ын Х.Нямбаатараас салгах гэж санаархсан ч бодит үр дүнд хүрэхгүй л байгаа. Хий хоосноор намынхаа эв нэгдлийг бусниулахаас өөр үр дагавар алга. Цаашаагаа ч энэнээс өөрийг үзүүлэхгүй.

Жанцан нь: Ийнхүү улс төртэй зууралдаж байтал нь ард нийтийн амьдрал хүндэрч, хувийн хэвшлүүдийн үйл ажиллагаа доголдож хүнд байдалд орсон. Энэхүү байдал нийгмийг эмх замбараагүй байдалд түлхэхийг үгүйсгэхгүй. Базах нь ээ: Дээхнүүрээ өмнөтээх засгаа үгүйсгэж улстөржөөд, том төслүүдээ мартаж эдийн засгийг бүрмөсөн унагааж.

Гагц жишээ: Оюутолгой дээр арбитр дээрх сөрөг нэхэмжлэлээс татгалзаж, Риотой зөвшилцөлд хүрсэн гэхийн ард Онтрэд байсан лиценз шилжүүлэгдэж байгаа гэх. Монгол эх орны улс төр, эдийн засгийн байдал хүндрээд нэгэнтээ мухарт орж. Гэх мэтийн үйл явдлууд болж.

Энэ бүхний эцэст: 24 онд үнэмлэхүй засаглах эрх авсан МАН засаглах чадамжаа бүрэн алдаж.

Энэний үр дагавар нь: Ээлжит бус чуулган шууд болоод шууд бус утгаар эдүгээгийн засгийн хойдохыг унших шахуу юм болж орхиж.

Тиймийн учраас: Ардаас нь Хамтарсан засаг байгуулах сэдэл гарч, ажил болоод эхэлж.

Тэгээд: Шинэ Хамтарсан засгийн дөрөөн чимээ айсуй байж магад болж. Харин шинэ Хамтарсан засаг МАН, АН, нэмээд хэн хэний намтай нийлэх нь вэ, хэд хэдийн харьцаатай байх вэ гэдэг мэдээ одоохондоо улс төрийн тамхины цэг дээр ирээгүй байна…

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.