1.5 тэрбум ам.долларын санхүүжилт татна гэж буй СОР17 бага хурлын дэд бүтцийн бэлтгэл ажил 78 хувьтай байна

2 цагийн өмнө Байгаль орчин


Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17) 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж буй.

Тус хурлыг зохион байгуулах байр, байгууламж, холбогдох инженерийн шийдэл бүхий үйлчилгээг түрээсийн хэлбэрээр ашиглах зардал, бусад холбогдон гарах урсгал зардалд нийслэлийн төсвөөс 70.1 тэрбум төгрөгийг зарцуулна.

Нийслэлийн зүгээс хурлын түр байгууламж, авто зам тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцаж байгаа бөгөөд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол хийхээр төлөвлөж, нийт гүйцэтгэл 78 хувьтай байгааг мэдээллээ.

Тухайлбал 10 мянган ам метр талбайд явган хүний замыг өнгөт хавтангаар байгуулж, 70 мянган ам метр талбайд цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь, 70 мянган ам метр талбайд суурь асфальт бетон хучилтыг хийжээ. Долоодугаар сарын 1-н гэхэд зам талбайн ажлыг бүрэн дуусгана гэв.

Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорилт, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцэх, Монгол Улс “Газар-Ус-Мод” томьёоллын хүрээнд тодорхой санаачилгуудыг танилцуулахаар боловсруулж, 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилтыг дэвшүүлжээ.

Харин СОР17 бага хуралд оролцогч гадаадын төлөөлөгчид Улаанбаатар хот байх хугацаандаа зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийж, өөрсдөө зардлаа даах аж.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.