Дахин санал хураалтыг ирэх сарын 7-нд явуулахаар боллоо

2017-06-28 Ерөнхийлөгч

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалттай холбоотой  тогтоол гаргалаа.

Тус тогтоолоор, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 5, Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтын саналын хуудсыг хэвлүүлэх, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв болон салбар комисс, санал авах байруудад саналын хуудсыг хүргүүлэх, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмжийг бэлтгэх, тэдгээрийг хүргүүлэх зэрэг ажлын бэлтгэлийг хангах боломжийг тооцож үзсэний үндсэн дээр хоёр дахь санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар зарлав.

Мөн Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын санал, хүсэлтийг харгалзан Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах хоёр дахь санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд явуулахаар Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо тогтоов.

Тус тогтоолоор, анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан Ардчилсан Намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга /517478 санал/, Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд /411748 санал/ нарыг хоёр дахь санал хураалтад оруулахаар тогтоосныг дурьдаад энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтыг Сонгуулийн тухай хууль, тогтоомжийн  дагуу зохион байгуулж ажиллахыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод, санал авах байрууд болон гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс, салбар комисст даалгасан байна.

Тогтоолоор, хоёр дахь санал хураалтыг зохион байгуулахад холбогдох сонгуулийн хороодод бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны 2017 оны зургадугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцлоо.

Эх сурвалж: СЕХ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.