Венесуэлийн Дээд шүүхийн байрны дээвэр дээр тэсрэх бөмбөг хаяжээ

2017-06-28 Ертөнц

Венесуэлийн Дээд шүүхийн байрны дээвэр дээр тэсрэх бөмбөг хаясан явдал гарчээ.  Ерөнхийлөгч Мадурогийн мэдэгдсэнээр байшин дээр хаясан бөмбөг нь дэлбэрээгүй учир хэн нэгэн бэртэж гэмтээгүй байна. Тэрээр энэ явдлыг зэвсэглэсэн алан хядагчдын төр эргүүлэх оролдлого гэж үзэж байгаагаа хэлж гэмтнүүдийг барина гэж зарласан. Харин энэ явдал болохоос өмнө сэжигтэн өөрийгөө илчилсэн байжээ. Венесуэлийн эрүүгийн цагдаагийн газрын тусгай хүчний нисгэгч Оскар Перез гэгч гэмт хэргийн үүр уурхай болсон засгийн газартайгаа тэмцэнэ гэж мэдэгдсэн дүрс бичлэгээ интернэтээр цацжээ. Тэрээр бөмбөг хаясан нисдэг тэргийг жолоодож явсан бөгөөд Дотоод хэргийн яам руу мөн гал нээсэн байна.

Оскар перез өөрийнх нь зорилго бол Үндсэн хуулиа аварч ардчиллыг эргэн тогтоох явдал гэж олон нийтэд тайлбарлаад Ерөнхийлөгч Мадурог огцрохыг шаарджээ. Эдийн засгийн гүн хямралд орж үндсэн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гачигдалд ороод буй энэ улсад сүүлийн хэдэн сар үймээн самуун тасрахгүй, эмх замбараагүй байдал үргэлжилж буй. Уго Чавесын жолооч нь байгаад хожим түүнийг нас барахад суудлыг нь авч Ерөнхийлөгч болсон түүнийг энэ хямралд буруутай хэмээн ард иргэд нь буруутган огцрохыг шаардаж байгаа юм.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.