Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталдаг байсан зохицуулалтыг өөрчлөн 2023 онд Газрын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Засгийн газар батлахаар болсон.
Тус газар нь хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд төрийн байгууллагуудын мэдээллийн санг холбож дундын мэдээллийн санг байгуулах, газартай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулах, сүүлийн үеийн технологид нийцсэн системийн хөгжүүлэлтийн ажлуудыг үе шаттайгаар хийж дууссан тул энэхүү үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын төслийг шинэчлэн боловсруулсан бөгөөд тус журмын төслийг Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр /2025.03.06/-ийн өдөр хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.
“Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” батлагдсанаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэж байна.
Үүнд:
-Газрын тухай хуульд заасны дагуу иргэний шинээр гэр бүлийн хэрэгцээнд үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэдэг болов;
-Газар эзэмших, ашиглахтай холбоотой 27 төрлийн хүсэлтийг цахим системээр хүлээн авч, шийдвэрлэх боломж бүрдэв;
-Иргэн, хуулийн этгээдээс шаарддаг 15 гаруй төрлийн цаасан материалуудыг QR кодоор баталгаажуулж, системээс автоматаар үүсгэх, мөн төрийн байгууллагад хадгалагдаж буй мэдээллийг иргэдээс дахин шаардахгүй байхаар болов;
-Газартай холбоотой 40 гаруй төрлийн үйлчилгээг И-газар цахим систем, И-Монголиа цахим үйлчилгээний нэгдсэн портал болон киоск төхөөрөмжөөр дамжуулан авах боломжтой болов;
-Газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой харилцааг хуульд байхгүй зохицуулалтаар буюу ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг байсан тогтолцоог өөрчилж, тухайн асуудал хариуцсан албан хаагч шууд цахимаар шийдвэрлэж, төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэв;
-Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой харилцааг хуулийн хугацаанд буюу 5 хоногийн дотор шийдвэрлэх боломжийг бүрдэв;
-Төрийн байгууллага хооронд газартай холбоотой мэдээлэл солилцох үйл ажиллагааг цаасаар бус цахимаар бүрдүүлэх, солилцох, баталгаажуулах гэх мэт боломжууд бүрдэж байна.
2025-03-7
2025-03-7
2025-02-27
2025-02-27
2025-02-27
87587
31201
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.