Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Бахрайны улсад ажлын айлчлал хийж байна

2025-02-25 Засгийн газар


Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржхандыг Бахрайны Хаант Улсын Шадар сайд Шейх Халид бин Абдулла Аль Халифа хүлээн авч уулзав.

Уулзалтын хүрээнд Монгол Улсад эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах боломжууд, соёлын салбарын хамтын ажиллагаа, Бахрайны хаант улсын амины орон сууц хөгжүүлсэн менежмент, гадаадын хөрөнгө оруулалт татах сайн туршлагыг нэвтрүүлэх талаар хэлэлцжээ.

Энэ үеэр Шадар сайд Т.Доржханд “Монгол Улс өргөн уудам газар нутагтай төдийгүй эрдэс баялгийн арвин нөөцтэй, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хамгийн ойр улс бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтад бид нээлттэй ханддаг. Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг булангийн орнууд Монгол Улсад хөрөнгө оруулах, ялангуяа, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаа. Монгол Улсын хувьд Бахрайны хаант улстай эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, соёлын салбарт хамтран ажиллахаар зорьж байна” гэж хэлжээ.

Харин Бахрайны хаант улсын Шадар сайд Шейх Халид Бин Абдула Аль Халифа дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Т.Доржханд Бахрайны хаант улсад айлчлал хийж буйд талархал илэрхийлжээ. Бахрайны хаант улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татсан.

Тээвэр логистик, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч болон мэдээллийн төв байгуулах чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг дурдав. Харбины хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс БНХАУ-д сэргээгдэх эрчим хүч экспортлох боломж нээгдсэнийг Арабын орнуудын Засгийн газар олзуурхаж байгааг онцолсон байна.

Айлчлалын хүрээнд Бахрайны хаант улсын Ханхүү бөгөөд Эрчим хүч, байгалийн нөөцийн дээд хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Хааны харуулын хүчний командлагч Шейх Нассер Бин Хамад Аль Халифатай уулзалт хийсэн байна.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл Бахрайны хаант улсын хөрөнгө оруулалтын сайн туршлагыг судалж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.