“Эрдэнэс Монгол” нэгдэл “Хуримтлалын сан”-д 500 тэрбум төгрөг төвлөрүүлж, иргэн бүр нэрийн данстай боллоо

2024-05-9 Байгаль орчин

“Үндэсний баялгийн сан”-гийн тухай хууль 2024 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар батлагдан, хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хуримтлалын санд иргэн бүрийн нэр дээр данс нээх үйл ажиллагаа өнөөдөр Монгол банканд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Засгийн газрын гишүүд, “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар оролцлоо. Ийн иргэн бүр хуримтлалын данстай болсноор байгалийн баялгийн үр өгөөжийг боловсрол, эрүүл мэнд, орон сууцны хэрэгцээнд зарцуулах боломж нээгдэж байна.

“Үндэсний баялгийн сан” нь “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан”, “Хуримтлалын сан” гэсэн гурван данстай байх бөгөөд “Хуримтлалын сан”-г Сингапурын Хуримтлалын сангийн загварт тулгуурлан хөгжүүлж, иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд зориулна.

Өнөөдөр “Хуримтлалын сан”-д “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниудаас “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Цемент Шохой” ХХК, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК зэрэг компани нийт 500.0 тэрбум төгрөгийг шилжүүлж, орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрийг нэмэгдүүллээ. Ингэснээр Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ажиллаж, ипотекийн зээлийн эх үүсвэр болох 1.2 их наяд төгрөгийг хүлээлгэд байсан 10,000 айл өрхийн орон сууцны зээлийн хөтөлбөрт зарцуулах боломж нээгдэж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.