“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээгдлээ

2024-06-20 Байгаль орчин

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн дэх “Эрдэнэс Тавантолгой” ХК 1 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий хоёр үе шаттай хэрэгжих “Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл”-ийн эхний шатны төсөл болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг өнөөдөр нээж, ашиглалтад орууллаа. Тус компани нь стратегийн ач холбогдол бүхий 10 томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл” бөгөөд эхний шатны төслийг 2022 онд эхлүүлсэн ба одоогийн байдлаар 300 сая ам.долларын санхүүжилт хийгээд байгаа аж.

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болсон нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлтэд “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт оролцож үг хэлэв.

Тэрбээр “Нэгдлийн эзэмшлийн стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг ордын дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэр технологийн парк байгуулах ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийг өнөөдөр ашиглалтад орууллаа. Байгалийн баялгаа боловсруулж, нэмүү өртөг шингээн, үнэ цэн бий болгохоор “Эрдэнэс Монгол” нэгдэл 6 байршилд үйлдвэрлэл технологийн парк байгуулахаар зорьж байна. Энэхүү бүтээн байгуулалтуудыг хийснээр 7000 гаруй ажлын байр шинээр бий болж, жилд 6.2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Монгол Улсын аж үйлдвэрийн сэргэлтийг бий болгох томоохон төлөвлөгөөний эхлэл бол өнөөдөр ашиглалтад орж байгаа жилд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр юм. Дээрх баяжмал нь зөвхөн шууд экспортод гарах бус Тавантолгойн кокс-химийн цогцолборын үндсэн түүхий эд болж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгоно. Цаашид бид дэлхийд чанараараа тэргүүлдэг Тавантолгойн коксжих нүүрсийг дотооддоо боловсруулж кокс, метанол, демитилийн эфир, нийлэг байгалийн хий, бензин, дизель түлш, устөрөгч гэх мэт олон төрлийн аж үйлдвэрийн түүхий эдийг үйлдвэрлэх хөгжлийн төлөвлөгөө боловсруулаад байна. Ингэснээр Монгол Улсад хими-металлургийн үйлдвэрлэл хөгжих үндэс суурь тавигдаж, аж үйлдвэрийн шинэ шат руу гарах юм” гэв.

Төсөл 2026 он гэхэд бүрэн хэрэгжиж дуусах ба ингэснээр Тавантолгойн ордыг түшиглэн жилд 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэртэй болж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд дараах бодит өөрчлөлтүүд гарах урьдчилсан тооцоо гарсан байна.

Үүнд:

-Жилд 24 орчим сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олно.
-Компанийн жилийн цэвэр ашиг 197.3 сая ам.доллар байна.
-Улс, орон нутгийн төсөвт татвар, төлбөр хэлбэрээр нийт 185.8 сая ам.доллар төвлөрүүлнэ.
-Шинээр 472-928 шууд ажлын байр бий болно.

“Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл” нь ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглах, экспортыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг хангах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг нэмэгдүүлэх олон давуу талтай юм. Мөн Ази номхон далайн бүсэд тэргүүлэх брэндүүдийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба байгаль орчинд ээлтэй, үр ашигтай технологитой гэдгээрээ онцлог аж.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Норинко интернэйшнэл кооперэйшн” компани болон “Дади инженеринг девелопмент групп” компанийн түншлэл оролцож, УУХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн инженерүүд хяналт тавин ажиллажээ.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.