-“Говь”-ийн тоног төхөөрөмж, үндсэн хийц шатаагүй-
Монгол Улсын Шадар сайд болон ОБЕГ, БОАЖЯ, Ус цаг уурын орчны шинжилгээний газрын ажилтнууд хэвлэлийн бага хурал хийв.
Өнгөрөгч шөнө манай улсын урдаа барьдаг томоохон үйлдвэрүүдийн нэг болох “Говь” компанид их хэмжээний гал гарч, Нийслэлийн гал унтраах бүх ангийнхан ажиллажээ. Одоогийн байдлаар түймэр бүрэн унтарсан бөгөөд өнөөдөр тус үйлдвэрийн дээврийг задлах үйл ажиллагаа явуулах юм байна. Учир нь дээврээсээ эхлэн гал гарсан байж болзошгүй гэнэ. Тиймээс холбогдох албаныхан өнөөдөр гал гарсан шалтгаан болон үйлдвэрийн хохирлын хэмжээг тогтоох ажлыг хийж эхлэх юм байна.
Манай улсын хувьд томоохон обьектод гарсан түймрийг унтраахдаа нисэх онгоц ашигласан туршлага байдаггүй юм байна. Тоног төхөөрөмж бүрэн хангагдсан гэж хэлэхгүй ч дөрвөн жилийн өмнөхийг бодвол эрс сайжирсан гэх мэдээллийг холбогдох албаныхан өгч байна.
“Говь” компанид гарсан үйлдвэрийн ослын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухуу “Тус байгууллагын дээврийн талбай нь 30 м.кв. Дээвэр нь маш бат бөх байдлаар тоноглогдсон тул гал унтраах үйл ажиллагаанд нэлээд хүндрэл учирлаа. Эхний дуудлагаар дээвэрт задаргаа хийхэд хүндрэлтэй байсан тул Нийслэл дэх 11 ангийн 19 тасаг нийт 151 албан хаагчийг дайчлан ажилласан.
Тухайн үед гал хурдан тархаж, ачаалал өндөртэй байсан тул унтраах үйл ажиллагаа нэлээд хүндэрлээ. Дээврийг задлахад хүчилтөрөгчийн нөлөөллөөс гэнэт их хэмжээний гал гарах эрсдэлтэй байсан тул байгууламжийн үндсэн хийцийг задлах замаар техник, төхөөрөмжийг аврах ажиллагааг яаралтай авсан. Тиймээс тоног төхөөрөмж болон байгууллагын үндсэн хийц шатаагүй болно. Шуурхай хуралдаанаар яаралтай арга хэмжээ авч онц их хэмжээний хохирол учрах байсныг таслан зогсоолоо” хэмээн онцлов.
Мөн нийт нутгаар бороо хур дутмаг буйгаас улсын хэмжээнд есөн газар түймэртэй байгаа аж. Энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 80 удаа, нийт 96 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна. Тиймээс үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны танилцуулгын талаар мэдээлэл хийлээ.
С.Гэрэлсүх
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.