-Хүүхэд тань хоол идэхгүй сэтгэлийг тань чилээж байна уу?
-Бяцхан үрийнхээ араас аягатай хоол барьж гүйсээр залхаж байна уу?
-Хүүхэд тань хоолоо идэхгүй болохоор эрхэм Та хийсэн хоолныхоо амтанд эргэлзэж эхлэв үү?
Энэ мэтчилэн хүүхдэдээ оройн хоол идүүлэх нь томоохон арга хэмжээ болж хувирах гэр бүл олонтаа. Гэтэл юманд учир суманд занги гэж. Хоол идэхгүй байх нь хүүхдийн сонгосон зам. Өлсөх нь түүний сонголт. Хүүхэд хоол идэхийг хүсэхгүй байгаа бол шахах шаардах хэрэггүй. Өглөө болтол хүлээ. Ингэснээр тэр өөрийн зангаасаа болж ямар үр дүнд хүрдгийг харах болно.
Гол нь эцэг, эхчүүд тэвчээртэй байх ёстой. Магадгүй хэдэн өдөр, долоон хоног ч хоол идэх дэг журмыг сахихгүй байж болох шүү. Гэвч үүнд эцэг, эх шийдвэртэй хандаж чадвал хүүхэд таны хүссэн занг үзүүлэх болно. Өөрөөр хэлбэл, хүүхдэд багаас нь хариуцлагатай байхын ухааныг мэдрүүлэх явдал юм. Хариуцлага үүрүүлэх дэг журмын арга нь хүүхэдтэйгээ учир зүйтэй харицах, мөн нийтийн дэг журмын бодит байдлаас сурахад их дэм болдог гэдгийг хүүхдэдээ үйлдлээрээ ойлгуулаарай, аав ээжүүд ээ.
Нөгөөтэйгүүр, хүүхэд хоол идэлгүй өглөө болговол, өглөөний цайн дээр хамгийн түрүүнд ирж суух л болно. Харин өглөөний цайн дээр юм идэхгүй бол өдөр хүртэл идэх юм битгий өг. Тэгвэл үдээс хойш гэхэд, таниас хүүхэд чинь идэх юм нэхэх л болно. Эсвэл өдөр юм идэхгүй бол орой хүссэн, хүсээгүй хоол идэх болно.
Эцэст нь заавал өлсөнө, ширээнд суух болно. Идэхгүй байх аргагүй. Яагаад гэж үү? Учир нь хоол идэх нь бие махбодийн хэрэгцээ. Хүн хоол идэхгүйгээр амьдарч чадахгүй. Маш их өлссөн үед хүн ганц зүсэм талхыг ч хүртэл амтархан иддэг шүү дээ.
Ер нь хүүхэд зарим онцгой тохиолдлоос бусад үед бүх төрлийн хоолыг идэж чадна. Гэвч эцэг, эхчүүд тэвчээр алддаг бөгөөд хүүхдийг өөрсдийн хүссэнээр идүүлэх гэж албаддаг. Харин хүүхэд хоол болохоос өмнө ч юм уу чихэр, боов, торт, жигнэмэг мэтийн зүйлээр жижигхэн ходоодоо хуурах нь элбэг. Таны хүүхэд ч гэсэн яг ийм байдлаар нууцхан хооллож байгааг анзаарсан уу. Яг ийм асуудлаас болоод хүүхэд жинхэнээсээ хоол идэхгүй болж эхэлдэг. Зөвхөн дуртай зүйлээ л идэх гэдэг. Нэг үгээр хэлбэл, хүүхэд хоол идэх эсэх нь бие махбодийн бус сэтгэл санааны хэрэгцээ болж хувирдаг. Энэ л жинхэнэ асуудал шүү. Тиймээс амттай бүхэнд хяналт тавих нь таны үүрэг юм.
Эрүүл хүүхэд ямар байх вэ?
• Харахад туранхай эсвэл тарган биш “эрүүл” байна.
• Хоолны дуршил сайн.
• Цовоо сэргэлэн.
• Нүд, үс нь өнгөлөг, гялалзсан.
• Арьс нь чийглэг, өнгөлөг байна.
Хоолны асуудалтай хүүхэд ямар байх вэ?
• Харахад үеийнхнээсээ жижиг, намхан.
• Туранхай, ядрамтгай.
• Орчин тойрондоо сонирхол муу, хөдөлгөөн муутай, идэвхигүй.
• Нүд, үсний өнгө нь бүүдгэр.
• Арьс нь хуурай, өнгөө алдсан байна.
Эх сурвалж. Newsmedia.mn
7 минутын өмнө
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-20
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.