Авлигын эсрэг жагссан 800 гаруй хүнийг баривчиллаа

2017-06-13 Ертөнц

ОХУ-д өчигдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан сөрөг хүчний 800 гаруй хүнийг баривчиллаа. Түүний дунд сөрөг хүчний тэмцэгч Алексей Навалный ч байгаа юм. Тэрээр хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулсан гэдэг үндэслэлээр 30 хоногийн хугацаатай баривчлагджээ. Москвагийн цагдаагийн газрын мэдээлснээр зохих зөвшөөрөл аваагүй жагсаалд 5000 шахам хүн оролцож, авлигыг эсэргүүцэн дуу хоолойгоо илэрхийлжээ. Үүнээс баривчлагдсан хүмүүсийн тоог албаныхан болон төрийн бус байгууллагынхан өөр өөрөөр мэдээлж байгаа юм. Тухайлбал, төрийн бус байгууллагын мэдээлснээр 1400 хүртэл хүн баривчлагдсан гэнэ. Тэд “Путин хулгайч”, “Путин огцор”, “Хулгайчгүй Орос” гэх мэт уриа лоозон барьсан байжээ.

Тус жагсаалыг болохоос урьтаж прокурорын газраас нийслэл хотод улс төрийн цуглаан хийхийг хууль бус хэмээн зарлаж, иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн бүх төрлийн үйл ажиллагааг шууд таслан зогсооно гэж анхааруулсан юм. Харин Цагаан ордны зүгээс ОХУ-ын эрх баригчдыг тайван замаар жагсаал цуглаан хийж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ баривчилсныг шүүмжилж, даруйхан суллахыг шаарджээ.

Сөрөг хүчний төлөөлөл Алексей Навальный дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Путиний эсрэг өрсөлдөнө гэж мэдэгддэг. Гэвч тэрээр улсын мөнгө завшсан хэргээр өнгөрсөн  онд хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонссон тул хууль ёсоор нэр дэвших эрхгүй болсон юм.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.