Бээжин нүүрсний хэрэглээгээ 30 хувиар бууруулна

2017-11-15 Ертөнц

Бээжин орчимд үйл ажиллагаа явуулдаг компаниудын 70 хувь нь агаарын бохирдлын эсрэг хуулийн зохицуулалтыг зөрчдөг болох нь шалгалтаар илэрчээ. Үйлдвэр аж ахуйн газрууд нэлэнхүйдээ хуульд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн агаарт хортой утаа, хий ялгаруулж байна гэж Синьхуа агентлаг мэдээлж байна.  Бээжин-Тяньжин-Хэбэй муж орчмын 28 хотод үйл ажиллагаа явуулдаг хэдэн мянган компани, аж ахуйн нэгжид шалгалт хийхэд 13 мянга нь байгаль орчны стандартад нийцээгүй үйл ажиллагаа явуулж байгаа тул орон нутгийн удирдлагуудыг илүү чанга хяналт тавьж, агаарын бохирдлын эх үүсвэрийг бууруулах үүрэг өгчээ. Агаарын бохирдлын эсрэг тэмцэх байнгын дарамт шахалт дор байгаа Бээжин хотын удирдлага утааны гол эх үүсвэр болсон нүүрсний хэрэглээг энэ жил гэхэд 30 хувиар бууруулахаар амласан юм.  Хэдийгээр БНХАУ эрчим хүчний хэрэглээнийхээ дийлэнх хувийг нүүрснээс гаргаж авдаг ч жилээс жилд нүүрсний  хэрэглээг бууруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа билээ.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.