10-18 насны хүүхдүүдийн зан төлөв, сэтгэхүйн онцлогийн талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Энэ насны хүүхдийн хувьд найз нөхдийн холбоо маш чухал болж эхэлдэг. Хүүхдийн сэтгэл санаа сайхан байхад, шинэ зүйл сонирхох, хүсэл сонирхлыг нь хөгжүүлэхэд найз нөхөд хүчтэй нөлөөлдөг. Гэвч хүүхэд найз нөхөдтэй болох, үерхэж нөхөрлөх хүсэл сонирхол нэмэгдэхийн хэрээр эцэг эхчүүд санаа зовж эхэлдэг. Учир нь энэ насанд хүүхэд үеийнхэндээ хүлээн зөвшөөрөгдөхийн тулд эцэг эхийнхээ таашаахгүй зүйлийг хийх явдал олонтаа гардаг. Эцэг эхийн хувьд хамгийн чухал бөгөөд хэцүү үүрэг нь хүүхдийнхээ бие даасан байх гэсэн хүсэл тэмүүллийг нь хүндэтгэхийн зэрэгцээ аюулгүй байдлыг нь хангах явдал юм.
Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах орчин, нөхцөлийг бүрдүүлэх арга зам
• Хамтдаа цагийг өнгөрүүлэх: Гэр бүлээрээ ямар нэг зүйлийг хамтдаа хийх, хүүхдийнхээ санаа зовоосон асуудал болон хүсэл мөрөөдлийнх нь тухай сонсох, амжилтыг нь сайшаах, ирээдүйд тохиолдож болох саад бэрхшээлийн тухай ярилцах, ийм үед ээж аав нь чадлаараа тус болно гэдгийг ойлгуулах гэх мэт
• Хүүхдийнхээ үнэлэмжийг дээшлүүлэх: Хүүхэд өөрийгөө танин мэдэж, өөртөө итгэхэд нь туслах.
• Хичээл сурлагад нь анхаарал тавих: Сургуулиас зохиогдож байгаа ажилд эцэг эхийн зүгээс идэвхтэй оролцох, багш нартай нь танилцах, гэрийн даалгаврынх нь талаар ярилцаж байх, юу уншиж байгааг нь сонирхох гэх мэт
• Хүүхдийнхээ найз нөхдийн талаар мэдэж байх: Хүүхдийнхээ найз нөхдийг танайд ирж цагийг хамтдаа өнгөрөөхийг зөвшөөрөх, тэдний ээж аав, гэр бүлтэй нь ойртож танилцах гэх мэт.
• Хүүхэдтэйгээ ойр дотно байх, гэхдээ тодорхой зай барих: Хүүхдээ хаана, хэнтэй хамт байгааг мэдэхийн зэрэгцээ түүний бие даах, өөрийн гэсэн орон зайтай байх хүслийг нь хүндэтгэх
• Түүнд итгэдэг гэдгээ бодитоор харуулах: Хүүхдийнхээ бие даасан байдлыг хөхиүлэн дэмжих арга зам
• Хүүхэд зөв, бурууг ялгах чадвараа хөгжүүлэхэд нь туслах: Тамхи татах, архи уух, мансууруулах бодис хэрэглэх зэрэг эрсдэлтэй зан үйлээс яагаад зайлсхийх хэрэгтэйг тайлбарлаж өгөх, үеийн нөхдөөс дарамт шахалт ирж болох тухай, ийм нөхцөлд өөрийгөө хамгаалах гарцыг олоход туслах, бэлгийн хөгжлийн үед бие махбод болон сэтгэл санаанд гарч болох өөрчлөлтүүдийн талаар зөвлөх, өөрийн эрхэмлэдэг, үнэлдэг зүйлсийн талаар ярих, мөн түүнийхийг сонсох гэх мэт.
• Хүүхдийнхээ хариуцлагатай, аливаа зүйлд чадварлаг байх чанарыг хөгжүүлэх: Гэр орны ажилд оролцуулах, мөнгийг хэрхэн зүй зохистой зарцуулах талаар ярилцах гэх мэт.
• Бусад хүнийг ойлгож, хүндэтгэх чанараа хөгжүүлэхэд нь туслах: Хүмүүст хэрэгтэй үед нь туслахыг дэмжих, бусад хүн эелдэг бус байх тохиолдолд юу хийх талаар зөвлөх.
• Ирээдүйнхээ талаар бодоход нь туслах: Өөрийн гэсэн зорилгоо тодорхойлоход нь, тавьсан зорилгодоо хүрэх арга замаа олоход нь туслах. Эцэг эхдээ итгэж болно гэдгийг багадаа ойлгосон хүүхэд аль ч насандаа хэрэгтэй үед ээж ааваасаа зөвлөгөө авахыг илүүд үздэг. Түүнчлэн эцэг эх нь бага байхаас нь бие даасан байдлыг нь дэмжиж хүндэтгэдэг байсан хүүхэд том болоод бусдын сөрөг нөлөөнд тэр бүр автдаггүй.
14-18 НАСНЫ ХҮҮХЭД …Таны хүүхэд тун удахгүй том хүн болоход ойртжээ
Энэ насны хүүхэд өөрийгөө хэн болохыг таньж мэдэх бүх л боломжит оролдлогыг туршиж үздэг. Түүний хамгийн гол зорилго нь өөрийнхөө өвөрмөц, давтагдашгүй шинж чанарыг олж нээх явдал юм. Өсвөр насныхны хувьд өөрийнхөө хэн болохыг илэрхийлэх нь бусад хүний зүгээс түүнийг хэн байгаасай гэж хүсэн хүлээхээс илүү чухал юм. Тэрээр сонсдог дуу хөгжим, хувцасны хэв загвар, үсний засалт, найз нөхөд, итгэл үнэмшил, хоол хүнсний сонголт, сургуулиас гадуурх үйл ажиллагаа, хичээл сурлага, цаашдын сонирхол, ирээдүйн зорилго зэргээ гэнэт өөрчлөх байдлаар өөрийгөө илэрхийлж мэднэ. Ээж, ааваасаа огт өөр хүн болохыг оролдох нь ч олонтаа. Тэд томчуудын дүрд “тоглож”, хориглосон зүйл бүхнийг хийж үздэг. Тиймээс энэ насны хүүхдийн эцэг эхийн хувьд тэднийг ойлгоход маш адармаатай байдаг. Хүүхэд тань амьдралд хүргэх даль жигүүрээ өнөөдөр дэлгэн, туршиж байгаа учраас заримдаа тэнцвэрээ алдан унаж болно. Гэсэн ч тэр таны тусламжтайгаар амьдралын их аянд нисэхэд суралцаж чадна.
Эцэг эх, хүүхдийн хоорондын холбоо харилцааг батжуулах явдал юм.
Эцэг, эхчүүдийн зүгээс өсвөр насны хүүхэдтэйгээ хийх хамгийн чухал зүйл бол: Эцэг эх, хүүхдийн хоорондын холбоо харилцааг батжуулах явдал юм. Гэр бүлтэйгээ сайн харилцаатай өсвөр насны хүүхэд үеийнхэнтэйгээ болон томчуудтай эерэг харилцаа тогтоож чаддаг, тэдэнтэй хамтран ажиллаж чаддаг, эцэг эхийнхээ итгэлийг хөсөрдүүлэхгүй байхыг хичээдэг. Харин эцэг эх, хүүхдийн хооронд хатуу чанга хараа хяналт, зэмлэл шийтгэл голловол хүүхэд эцэг эхээсээ айж, тэднээс аль болох зайлсхийхийг хичээдэг. Мөн худал хэлдэг, сэтгэлээр унамтгай болдог.
• Хүүхдийнхээ хийж, оролдож буй зүйлд хяналт тавих: Хүүхдэд биеэ даах нь хэрэгтэй ч гэсэн эцэг эхийн заавар зөвлөгөө заавал шаардагддаг. Энэ үед эцэг эхийн зүгээс зорьсон газартаа хүрэх аюулгүй замыг зааж өгөх үүрэгтэй. Аль замаар нь явахаа хүүхэд өөрөө шийддэг.
• Бие даасан байдлыг нь дэмжих: Хүүхэд тань тун удахгүй насанд хүрсэн хүн болох гэж байгаа. Тиймээс үлдсэн багахан хугацааг хүүхдийнхээ асуудлыг шийдвэрлэх чадвар, бие даасан байдлыг хөгжүүлэхэд зориулах хэрэгтэй.
Үүний тулд: Хүүхэдтэйгээ үе тэнгийн хүнтэй харилцаж байгаа мэтээр ярилцах, санаа бодол нь таныхаас эрс өөр байсан ч хүндэтгэх, түүний талаар ямар нэг шийдвэр гаргах болвол өөрийнх нь саналыг сонсч, харилцан зөвшилцөх хэрэгтэй. Зарим эцэг эх өөрсдөө анзаарахгүйгээр хүүхдийнхээ бие даах гэсэн хүсэл эрмэлзлийг унтраадаг.
Тухайлбал: Үзэл бодол, биеэ авч яваа байдлыг нь байнга шүүмжлэх, алдаа гаргахад нь “Би чамд ингэнэ гэж хэлсэн шүү дээ” гэх, ямар нэг бэрхшээл тулгарахад нь үл хайхрах гэх мэт. Эцэг эхчүүдийн иймэрхүү хандлага нь өсвөр насны хүүхдийг зөрүүд, ууртай, гутранги болгодог. Ихэнх тохиолдолд эцэг эхчүүд хүүхдийнхээ зан араншин ямар учир шалтгаантай болохыг зөвөөр ойлгож, хүлээж авдаггүй. “Зориуд биднийг эсэргүүцэж, үгэнд маань орохгүй байна” гэж бодсоноороо бид түүний аливаа үйлдэлд уурлан бухимдаж, заримдаа бүр тэднийг гэсгээн шийтгэдэг. Харин хүүхэд өөрийн хөгжлийн дараагийн үе шатанд орох бэлтгэлээ хангаж байгаа учраас шаардлагатай зүйлээ л хийж байна гэдгийг ойлговол бид хүүхдэдээ хэрэгтэй мэдээлэл болон дэмжлэгийг өгч чадна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.