Гадаадад санал өгсөн иргэдийн саналыг 6 дугаар сарын 26-ны өдөр тоолно

2017-06-12 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7209 иргэн энэ 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд өөрсдийн бүртгүүлсэн Дипломат төлөөлөгчийн газруудад тухайн орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгч байна.

Улаанбаатарын цагаар 6 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн байдлаар Салбар комиссуудаас авсан мэдээллээр саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7209 сонгогчоос 3217 сонгогч буюу 44.6 хувь нь саналаа өгөөд байна. Санал хураах ажиллагаанд бүртгүүлсэн иргэд идэвхитэй оролцож буй бөгөөд хуулийн хугацаандаа амжиж саналаа өгөхийг уриалья.

Цагийн зөрүүний улмаас АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комиссын санал авах ажиллагаа хамгийн сүүлд буюу 6 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагт дууссанаар энэ удаагийн хилийн чанад дахь санал авах ажиллагаа дуусах юм.

Facebook, twitter зэрэг мэдээллийн олон нийтийн сүлжээгээр тодорхой нэг нэр дэвшигчийг ийм, тийм улсад ялалт байгуулсан мэт олон нийтэд буруу ойлголт өгөх мэдээлэл гарч байна. Сонгуулийн тухай хуулийн 98 дугаар зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо гадаадад саналаа өгсөн иргэдийн саналыг тоолох ажиллагааг өөрийн байрандаа 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагт хийж эхлэх юм. Иймд энэхүү мэдээлэл нь хууль зүйн үндэслэлгүй, буруу мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Гадаад улсад суугаа Монгол Улсын иргэдээс сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс

Эх сурвалж: ГХЯ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.