Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн оны цаг уурын үзэгдэлд хийсэн ажиглалтын мэдээг нэгтгэн гаргасан байна. Өнгөрсөн жилийн дундаж агаарын температур болоод хур тунадас, цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээллийг хүлээн авна уу.
Агаарын температур
2016 оны жилийн дундаж агаарын температур +0.3 хэм буюу 1981-2010 оны дунджаас 0.2 хэмээр, 2015 оноос 1.5 хэмээр хүйтэн жил болов. Олон жилийн дунджаас хамгийн хүйтэн сар нь нэгдүгээр сар, хамгийн дулаан сар нь гуравдугаар сар байлаа. Нэгдүгээр сарын сүүлийн хагаст ихэнх нутгаар их хүйтрэлтийн үзэгдэл ажиглагдаж, энэ хугацаанд буюу 2016 оны нэгдүгээр сарын 28-нд агаарын үнэмлэхүй бага температур Завханы Отгон суманд -55 хэм хүрч хүйтэрсэн нь Монгол оронд цаг уурын ажиглалт хийж эхэлсэн 1940 оноос хойш ажиглагдсан хоёр дахь агаарын үнэмлэхүй бага утга байлаа. Харин наймдугаар сарын олон жилийн дунджаас хамгийн дулаан сар байгаагүй ч сарын эхээр говь, тал хээрийн нутгаар их халууны үзэгдэл ажиглагдаж агаарын үнэмлэхүй их температур Дорнодын Чойсалсан, Халх-голд +42 хэм хүрсэн нь сүүлийн 50 гаруй жилд ажиглагдаагүй анхны тохиолдол байв. Мөн арваннэгдүгээр сарын 18-22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Онон голын сав дагуух нутгуудаар шөнөдөө -42 –оос -44 хэм хүрч хүйтэрсэн нь сүүлийн 20 гаруй жил арваннэгдүгээр сард ажиглагдаагүй хүйтэн боллоо.
Хур тунадас
Монгол орны жилийн нийлбэр тунадас 242 мм буюу 1981-2010 оны дундажтай харьцуулбал 118 хувь буюу уур амьсгалын дунджийн орчим, өнгөрсөн оноос 40 хувиар ахиу хур тунадас оржээ. гуравдугаар сард Увсын Өмнөговьд 14мм, Завханы Дөрвөлжинд 13.5м буюу уур амьсгалын дунджаас 13 дахин их хур тунадас орсон нь 1960 оноос хойшхи сүүлийн 56 жилд ороогүй анхны тохиолдол байв.
Наймдугаар сарын 23-нд Японы арлуудын зүүн эрэг орчимд үүссэн энэ оны 10 дахь тайфун “LIONROCK” 8-р сарын 31-нд Владивосток орчмоор эх газар дээр гарч ирэн Монголын зүүн хэсгээр есдүгээр сарын 3-ныг хүртэл байрласны улмаас Хэнтийн нутгаар 6.0-99.7 мм, Дорнодын нутгаар 24.0-46.0 мм, Сүхбаатарын нутгаар 26.0-55.0 мм бороо, зарим үед усархаг аадар бороо удаан хугацаагаар үргэлжлэн оров.
Арваннэгдүгээр сарын эхний 10 хоногт нутгийн хойд хэсгийг хамарч их хэмжээний цас орсны улмаас Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 10-40см, шуурч хунгарласан газартаа 50-60 см зузаан цасан бүрхүүл тогтсноос зудын нөхцөл үүсэхэд хүргэжээ.
Цаг агаарын аюултай үзэгдэл
2016 онд нийт 69 удаагийн цаг агаарын аюултай үзэгдэл болсноос хүчтэй салхи шуурга 15, хүйтэн бороо 1, цочир хүйтрэл 6, уруйн үер 12, хүчтэй мөндөр 2, аянга цахилгаан 12 удаа тус тус ажиглагджээ. Үүнээс долоодугаар сарын 10-нд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаар ихээхэн хохирол /2.259.565.000 /учруулсан хүчтэй түр зуурын аадар бороо орсон бол наймдугаар сарын 7-нд Увс аймгийн Улаангом сумын нутгаар 1.700.000.000 төгрөгийн хохирол учруулсан түр зуурын хүчтэй аадар бороо орж, үер усны аюул дагуулсан байна.
А.Уянга
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.