-100 гаруй эмч, мэргэжилтнүүд иргэдэд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлэв-
Монгол Улсын Засгийн газрын 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн буухиа өчигдөр Төв аймгаар өртөөлж, ирэх амралтын өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймагт саатах аж.
Зуунмод хотноо Мөнх-Алдарын талбайд болсон энэхүү өдөрлөгт эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаа. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахалсан газар хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд болон Улсын төв III эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Гранд мед эмнэлэг, Эм ханган нийлүүлэх байгууллага, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, мэргэжлийн эмчийн баг хамт олон гээд 100 гаруй эмч мэргэжилтнүүд оролцож иргэдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ, сургалтыг үнэ төлбөргүйгээр газар дээр нь үзүүллээ.
Өдөрлөгийг нээж Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Сүүлийн арван жилд элэгний хорт хавдрын нас баралт Монгол улсад нэмэгдэж элэгний хорт хавдар болон хатуурлын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас бардаг бөгөөд энэ нь нийт нас баралтын 15 орчим хувийг эзэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирүсийн архаг халдвараар 400 мянга орчим хүн өвчилсөн байх магадлалтай байгаа юм. Манай улсад хепатитийн вирүсийн архаг халдвар өндөр байгаа нь Монгол улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэхэд хүргэж байгаа төдийгүй цаашид элэгний хатуурал, хорт хавдрын нас баралт залуужих нөхцөл бүрдээд байна. Тиймээс уг хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирүсийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Бид батлуулсан хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбар дундын хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшил, мэргэжлийн нийгэмлэг, холбоодтой нягт хамтран ажиллана” гэдгээ тодотгосон юм.
Төв аймгийн тухайд, ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрөгч оны есдүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор “Элэг бүтэн Төв аймагчууд хөтөлбөр батлан ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд хамруулахаар төлөвлөсөн 30-аас дээш насны 41 мянга 286 иргэнээс өнгөрөгч онд аймгийн хэмжээнд 5000 иргэнийг шинжилгээнд хамруулах зорилт тавьжээ. Үүнээс 4851 /97.02%/ хүнийг В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулсан байна. Харин В вирус илрээгүй 318 хүнийг дархлаажуулалтад, 140 хүнийг С вирусын эмчилгээнд хамруулжээ.
Мөн дөрөвдүгээр сараас хойш Зуунмод сумын баг тус бүрт ЭМГ, ЭМНДХ-ээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн танилцуулга хийж эхэлсэн байна. Тодруулбал, Баруун Зуунмод өрхийн ЭМТ-тэй хамтран 6 багийн нийт 634 хүнийг В, С вирус илрүүлэх үзлэгт хамруулжээ. Мөн С вирус илэрсэн 87, В вирус илэрсэн 45 хүнийг хяналтад авсан мэдээтэй байна. Харин В вирус илрээгүй 589 хүнд сайн дурын В вирусын дархлаажуулалтад хамрагдах зөвлөгөө өгч ажиллажээ.
Тус өдөрлөгийн үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баян-Өнжүүл, Мөнгөнморьт, Баян, Архуст, Дэлгэрхаан, Баянхангай Баяндэлгэр, Баян сумын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин гардуулсан бол 57 багийн эмч нарт иж бүрэн мотоциклын түлхүүрийг гардуулан өглөө.
Мөн эрүүлийг хамгаалах салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 5 хүнийг Засгийн газрын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтанаар, 5 хүнийг Эрүүл мэндийн яамны Хүндэт жуух бичгээр тус тус шагнасан юм.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан баг бүрэлдэхүүн аймгийн удирдлагуудтай тулгамдсан асуудлаар санал солилцож, дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Энэ удаагийн өдөрлөгийн бас нэгэн чухал уулзалт нь аймгийн удирдлагуутай эрүүл мэндийн асуудлаар санал бодлоо солилцсон явдал байлаа. Тус аймагт шилэн тариур буцалгаж хэрэглэдэг байсан үе буюу өдгөө 40-65 насны 24 мянга 654 иргэн амьдарч байгаа аж. Тиймээс эл аймгийн зорилтот насны иргэдийг С, В вирусын шинжилгээнд нэлээд өргөн хамруулах хэрэгтэйг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат энэ үеэр онцлон тодруулж байв. Ялангуяа, зусландаа гарсан хөдөөгийн эл насны хүмүүсийг тус өдөрлөгт бололцоогоороо хамруулахыг аймгийн удирдлагуудад анхааруулж байсан юм.
Тус аймгийн тухайд, иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд нэлээд анхаарч ажилладаг. Аймгийн удирдлагууд 600 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, эрүүл мэндийн салбартаа зарцуулж эхэлжээ.
Засаг дарга Ж.Батжаргал “Тархай байршилтай нүүдэлчин иргэдтэй манай аймгийн хувьд, иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд нэлээд анхаарч ажиллаж байгаа. Он гарсаар “Нүүдлийн амбултори” ажиллуулж, нийт 27 сумын 10-т нь хүрч ажиллаад байна” гэдгийг тодотгосон. Мөн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд үзлэг, шинжилгээ хийх зорилт тавин ажиллаж байгаа аж. Учир нь хөдөө амьдарч буй эмэгтэйчүүд дунд бэлгийн замын халдварт өвчин нэлээд газар авч буйг тодотгож байсан юм. Харин энэхүү ажилд нэг удаад 100 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ. Цаашлаад жилд 1-2 удаа нийт иргэдээ үзлэг, шинжилгээнд хамруулан ажиллах зорилттой буйгаа ч хэлж байв.
Түүнчлэн тус аймаг нь өнгөрөгч оноос эхлэн “Элэг бүтэн Төв аймагчууд” хөтөлбөр батлан долоон хоног бүрийн лхагва гаригт иргэдийнхээ эрүүл мэндэд чиглэсэн ямар нэгэн өдөрлөг зохион байгуулдаг байна. Өнгөрөгч долоо хоногт гэхэд л, “Нараа угтан алхацгаая” уриан дор иргэд нэгджээ.
Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймгийн удирдлагуудын зүгээс санаачлан хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээг сайшааж буйгаа илэрхийлээд, газар дээр нь зорилтот хамтын ажиллагаануудад гэрээ хийж, үзэглэж болохыг хэлж байлаа.
Тэгэхээр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлснээр хепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах юм.
Тиймээс 2020 онд C, B вирусыг бүрэн хяналтандаа авсан үлгэр жишээч аймаг болохыг Төрийн нарийн бичгийн дарга аймгийн удирдлагуудад ерөөгөөд, энэ удаагийн уулзалт өндөрлөв.
Эрүүл мэндийн салбарынхан жаргал, зовлонгоо хуваалцаж байна
Тус аймгийг зорьсон салбарын яамны удирдлагууд энэ өдөр аймгийн сум, багаас ирсэн эмч, ажилтнуудтай “Нүүр тулсан” ярилцлага хийж, хүн нэг бүрийн санал бодлыг сонсож хариулт өгсөн юм.
Төв аймаг нь олон хөлийн газар учраас багагүй авто тээврийн осол гардаг болохыг уулзалтын үеэр салбарын ажилтнууд онцолж байсан юм. Тиймээс яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг нарийн мэргэжлийн эмч бэлтгэх асуудал чухал болохыг тодотгов. Мөн гадаадад мэргэжилтэн бэлтгэж чадахгүй юм гэхэд улсынхаа томоохон клиник төвүүдэд аймгийнхаа мэргэшсэн эмч нарыг суралцуулах хүсэлт тавьж байв.
Түүнчлэн тус аймаг нь тарваган тахал болон боом өвчний “А” зэрэглэлийн голомтонд байдаг учраас “Зоонод өвчлөл”-ийн төв байгуулах шаардлагатай байгааг ч уламжлав. Харин энэхүү хүсэлтийг судалж үзэхийг салбарын яамны удирдлагууд хэлж байлаа. Мөн сумын эмнэлгийн барилгууд стандартад нийцэхгүй, хуучирч муудсан болохыг сум дундын эмч нар дуулгаж байсан юм.
Энэ бүхэнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон салбарын удирдлагууд тодорхой хариулт хэлж, анхаарч ажиллахаа уламжилсан юм.
Энэхүү уулзалтаар эмч, мэргэжилтнүүд Д.Очирбат даргийг мэргэжлийн, тэр дундаа тус салбарт асрагчаас нь эхлээд энэ хүртэл ажиллаж зовлон жаргалыг нь мэддэг хүнд “үг дайх” урамтай юм гэдгээ илэрхийлж байлаа. Ийнхүү орон нутгийн эрүүл мэндийн салбарын гүн дэх бэрхшээл болоод бүх л асуудлаар ярилцсан “халуухан уулзалт” өндөрлөсөн юм.
Дашрамд дуулгахад, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 226 тэрбум гаруй төгрөгийн 24 хувийг улсын төсвөөс, 68 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, найман хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолсон байна.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд:
Засгийн газраас өмнө нь хэрэгжүүлсэн хөтөлбөр, стратегийн үр дүнд сүүлийн таван жилд вируст хепатитийн өвчлөл өмнөх таван жилийн дунджаас буурсан.
Гэсэн ч сүүлийн 10 жилд элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл элэгний өмөн, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2,600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас зургаа дахин их гэсэн үг юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В,С вирусийн архаг халдвартай 400 мянган хүн байна.
О.СЭЛЭНГЭ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.