Байгаль хамгаалагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг дахин хийнэ

2022-01-31 Байгаль орчин

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монголын байгаль хамгаалагчдын холбооны удирдлагын төлөөлөл, Био аюулгүй байдлын үндэсний хорооны гишүүдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Био аюулгүй байдлын үндэсний хорооны гишүүн С.Баярхүү Монголын 1060 байгаль хамгаалагчийг төлөөлж, ажлын гүйцэтгэлийн үнэлгээг дахин хийлгэх, хууль эрх зүйн орчин, байгаль хамгаалагчдын эрүүл мэнд, нийгмийн байдлыг сайжруулах хэрэгтэйг хөндөж, салбар яам бодлогодоо тусганхыг хүсэв.

Байгаль хамгаалагчдын холбооны төлөөллүүд үүргээ биелүүлж яваад, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байгаль хамгаалагчдын бодит түүх цөөнгүй байгааг дурдаад, тэдний үйл хэрэг, гавьяа, ажил мэргэжлийг нийгэмд сурталчлахын чухлыг онцолжээ.

Ажил үүргээ биелүүлж яваад, амь насаа алдсан байгаль хамгаалагчдын дэлхийн бүртгэл гэж байдаг. Үүнд манай улсын албан үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан байгаль хамгаалагчдыг бүртгүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Энэ бүртгэлд 2016 онд анх байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсныг бүртгэжээ. Тэрбээр ирвэс хамгаалахад бүхий л хүч хөдөлмөрөө зориулж яваад харамсалтайгаар амиа алдсан юм.

Үүнээс гадна Монголын байгаль хамгаалагчдын холбооны төлөөлөл “Улсын шилдэг байгаль хамгаалагч” шагнал, урамшууллыг бий болгож, тэдний үйл хэргийг алдаршуулах хүсэлтэйгээ онцолжээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ байгаль хамгаалагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг дахин хийх үүрэг чиглэлийг Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгад өглөө. Мөн “Байгаль хамгаалагчдынхаа эрх ашгийг тал бүрээр хамгаална” гэдгээ тодотгосон юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.