Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нийслэлийн агаарын чанарын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Өнөөдрийн байдлаар агаарын бохирдлын хэмжээ өмнөх долоо хоногтой харьцуулахад буурсан гэнэ.
Энэ талаар Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Агаар орчны бохирдол багасгахад иргэдийн санаачлага, үйл ажиллагаа маш чухал. Жил бүр угаарын эрсдэлд өртдөг айл өрхүүдийн 95 хувь нь стандарт бус зуухтай байна. Тиймээс өрх гэртээ зуух хэрэглэхдээ стандартын зуух сонгохыг зөвлөж байна. Түүхий нүүрсийг илрүүлчихээд яах вэ гэдэг хуулийн зохицуулалт өмнө нь байгаагүй. Буцаадаг байсан. Энэ удаа агаарын чанарын бүсээс гаргаж байгаа сайжруулсан түлш, зөвшөөрөлгүй түүхий нүүрсийг хурааж авахаар журамдаа тусгасан. Шахмал түлшний үнэ хямд байгаа учраас нийслэлээс түлш авч гарахыг завдаж байна. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар бүхий л цэгүүдэд түлш хүргэж ажиллахаар зорьж байна. Айл өрхүүд, иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдөө шалтгаалах сайжруулах алхамуудаа хийж байгаа” гэлээ.
Нийслэлийн засаг даргын орлогч Д.Ихбаяр “Иргэдээс түүхий нүүрс хэрэглэж байна гэх гомдол, мэдээлэл ирүүлэх болсон. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн гэр хороололд хяналт тавина. Улаанбаатарт “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний нөөц, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Түлш борлуулах 600 цэг ажиллаж байна” гэв.
ЭХЯ-ны түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “Улаанбаатараас орон нутаг руу 6300 ширхэг шуудай шахмал түлшийг тээвэрлэх зөрчил илрүүлсэн. Тиймээс ЭХЯ, Тавантолгой түлш, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран хяналт шалгалтын ажлыг эхлүүлж байна. Хувь хүмүүс шахмал түлшийг орон нутаг руу зөөвөрлөхгүй байхыг анхааруулж байна. Нэг сая хүртэлх төгрөгөөр албан хаагчдыг урамшуулна. Энэ үеэр лхагва гаригаас эхлэн иргэд шахмал түлшний хэрэглэсэн шуудайгаа буцаан өгснөөр 300 төгрөг авна. Ингэхдээ хэрэглэсэн шуудайг “Тавантолгой түлш” ХХК-ийн хангамжийн таван баазад тушаах юм” гэлээ.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.