Нью-Йоркийн их сургуулийн багш, суралцахуйн ухааныпрофессор Ян ЛиКуныг ажилд урихдаа Марк Цукерберг түүнтэй өдөр тутам, ямар ч саадгүй харилцаж байхын тулд компанийнхаа оффист, тэр тусмаа өрөөнийхөө чанх дэргэд суулгаж авчээ. Түүний хувьд чухал ажил хариуцсан хүнээсээ 10 метр хол суух нь хэт холд тооцогдоно. “Facebook”-ийн босс аливаа шинэ санаа, төлөвлөгөөгөө ажил хэрэг болгохдоо түүн дээр төвлөрч ажиллах багийг өөрийнхөө дэргэд нүүлгэн аваачдаг бичигдээгүй уламжлалтай. 2011 онд Facebook-т шинэ Timeline нэвтрүүлэхээр ажиллаж байхдаа дизайны багаа дэргэдээ авч байсан удаатай.
Харин профессор ЛиКун М.Цукербергийн хувьд ямар чухал ажил хариуцсан болоод түүний хөрш болов гэвэл ирээдүйд “Facebook”-ээр зогсохгүй та бидний амьдралыг өөрчлөх нэн шинэ үеийн технологийг хөгжүүлэх том амбицыг нь бодит ажил хэрэг болгох учиртай гол хүн учраас тэр юм. ЛиКуны удирсан 50 хүнтэй баг Маркийн сүүлд байгуулсан гурван том лаборатор дээр ажиллах бөгөөд хүн төрөлхтөний5-10 жилийн дараах хөгжлийг харж ажиллах даалгавар авсан хүмүүс юм.
Компанийнхаа төв оффис болон Нью-Йорк, Парист гурван лаборатортой энэ баг AI хэмээх товчилсон нэрээрээ сүүлийн үед маш их яригдах болсон хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилготой. Хиймэл оюун ухаан гэхээр нэг л “хиймэл”, харь хөндий сонсогдож байна уу. Тэгвэл тэр харь холын мэт технологийн дэвшил хэдийнэ бидний амьдралд нэвтэрснийг та анзаарсан уу. Жишээ нь, найзтайгаа авахуулсан зургаа “Facebook”-т оруулахад энэ ухаалаг сүлжээ автоматаар найзын тань нүүр царайг таньж, “tag”үүсгэхийг санал болгодог шүү дээ. Энэ болAI буюу хиймэл оюун ухааны үр дүн бөгөөд үүнийг цаашид хөгжүүлснээр “Facebook” зөвхөн таны найзаар зогсохгүй, та хоёрын байгаа газрыг, бас хамт байгаа бүх зүйлтэй чинь хамт таниад та нартай ижил сонирхолтой хүмүүст зураг үзэхийг санал болгох юм. Бүр цаашилбал, “Messenger”-ээр харилцаж байхдаа бичих гэсэн үгээ хэлэхэд л таны дуу хоолойг таньж, текст болгон буулгах юм уу эсвэл харилцан яригчийн тань хүсэлтээр аудио хэлбэрээр ч сонсгох боломжтой болно.
Ердөө 31 настай ч дэлхийн хамгийн том цахим сүлжээг бий болгож, 1,5 тэрбум хүнийг хооронд нь холбож чадсан залуухан тэрбумтан Марк Цукерберг бол өөрийгөө хөгжүүлэхийн одонд төрсөн хүн гэгддэг. Зөвхөнажил хэрэгт бус хувьдаа ч ямагт өсч дэвжиж явахыг хүсдэг тэрээр жил бүр өөртөө том зорилго тавьж, түүнийгээ “Facebook” хуудсаараа нээлттэй хуваалцдаг. Тийм нэг том зорилгынхоо нэг хятад хэл сурах амаргүй давааг амжилттай давсан гэдгээ тэрээр өнгөрсөн жил БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй нээлттэй хийсэн ярилцлагаараа баталсан билээ. Сард дор хаяж хоёр ном унших, өдөр бүр нэг миль гүйсээр жилдээ 365 милийг туулж, замдаа шинэ хүмүүстэй танилцах гэх мэт энгийн зорилгоо биелүүлэхийн зэрэгцээ М.Цукербергийн ажил хэрэг болгохоор хамгийн их чармайн зүтгэж буй ойрын үеийн том зорилго нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэх.
Тэрээр оны эхэнд “Facebook”-ээр хийсэн мэдэгдлээрээ хиймэл оюун ухааны талаарх мэдлэгээ тэлж, өөртөө зориулан алдарт “Төмөр хүн” киноны дижитал үйлчлэгч JARVIS шиг “хувийн туслах”-аабүтээнэ хэмээн амласан. Гэр орны бүхий л ажил, том жижиг үйлдлийг өөрийнх нь өмнөөс хийж гүйцэтгэх хиймэл оюун ухаант туслахдаа М.Цукерберг зөвхөн дуу хоолойгоороо л удирдамж өгөх бөгөөд гэрэл асаах унтраах, халаалт ихэсгэж багасгах гэх мэт үйлдлийг JARVIS түүний өмнөөс хийх юм. Хонх дуугарахад хаалганы цаана ямар зочин ирснийг нүүр царайгаар нь таних, хүүхдийнх нь өрөөнд юу болж байгааг мэдээлэх гэх мэтээр хиймэл оюун ухааны хөгжлийг амьдралынхаа нэг хэсэг болгох, түүнийг бүтээхэд өөрийн гараар оролцож, JARVIS-ыг бүтээх код бичих нь М.Цукербергийн энэ жилийн хамгийн том хувийн зорилго юм.
Харин хувьсгалын буюу “Facebook” компанийн түвшинд энэ зорилгыг нь гүйцэлдүүлэхээр илүү нарийн мэргэжлийн хүмүүс ажиллаж буй. Тэдний ажлын дүнд “Facebook”харилцаа илүү амьд, “Newsfeed” илүү сонирхолтой болох ёстой. Жишээлбэл, та улс төр юм уу эсвэл амьтны тухай пост бичлээ гэхэд улс төр, нохой сонирхдог хэсэг бүлэг хүмүүст таны постыг хүргэхийн төлөө “Facebook” ажиллаж байна. Тэгэхээр хэрэгтэй хэрэггүй мэдээллээр “Newsfeed” дүүрэх биш, зөвхөн таны хэрэгцээ шаардлага болоод таашаал сонирхлын хүрээнд энэ сүлжээ төвлөрнө гэсэн үг.
Үүний тулд цахим орчин дахь датаг судлахаас гадна харах, сонсох гэх мэт хүний үндсэн мэдрэхүйг нухацтай судлах хэрэг гарч байгаа учраасНью-Йоркийн их сургуулийн суралцахуйн ухааны профессор”Facebook”-т хэрэг болсон байх нь. Харах мэдрэхүйн тал дээр гэхэд дүрс, видео гээд бүхий л хэлбэрийн контент дахь хүн, эд юмс, дүрслэлийг таних системийг бүтээж байна. Сонсох мэдрэхүйн тал дээр яриаг бичиг болгон буулгах, гадаад хэлийг орчуулах, “Apple”-ийн Siri шиг асуусан асуултад хариулах гэх мэт ухаалаг үйлдэлтэй систем бүтээхээр ажиллаж байгаа юм.
Саяхан мэргэжилтнүүд“Алиса гайхамшгийн оронд” номыг хэрхэн уншихыг AI-д “заасан” байна. Тэд өөрсдийн бүтээсэн хиймэл оюун ухаанд текст дундах хоосон зайг хэрхэн нөхөхийг заажээ. “Туулай …. байна” гэсэн өгүүлбэр байлаа гэхэд хиймэл оюун ухаан түүнийг нь “гүйж” хэмээх үгээр нөхнө гэсэн үг. Энэ технологийн дэвшил “Facebook”-т нэвтрэхдээ “Messenger”-ээр харилцаж байх явцад таны бичиж буй хам сэдвээс хамааран автоматаар бичих гэж буй үгийг тань таамаглан санал болгоход оршино. Зөвхөн чатаар ч зогсохгүй статус, пост бичихэд ч мөн энэ дэвшил ашиглагдах юм.
“Facebook”-ийн AI багийнхан сүүлд нэн сонирхолтой нэгэн ажил гүйцэтгэжээ. Тэд хиймэл оюун ухаанд CNN-ийн 93 мянган мэдээ мэдээллийг уншиж таниулсан байна. Үүний дүнд хиймэл оюун ухааны үгсийн сан баяжиж, хэрэглэгчид зөв үгийг санал болгох магадлал бүр өсөх бөгөөд хамгийн сонирхолтой нь сүүлийн үеийн мэдээ мэдээллийн талаар түүнээс асуухад хариулах чадвартай болж байгаа юм. Жишээлбэл, АНУ-ын Засгийн газрын эсрэг зогссон захирлын нэр хэн бэ гэхэд л AI мэдээллийн сангаа шүүрдээд “Apple”-ийн Тим Күүк гээд хариулах жишээтэй. Энэ мэтчилэн хүний бодох сэтгэхийг хүртэл хөнгөвчлөх нь AI-ийн гол үүрэг, Марк Цукербергийн мөрөөдөл ажээ.
Б.Номун
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.