1953 оны гуравдугаар сарын 6-ны өглөөний 04:00 цагт “Зөвлөлтийн ард түмэн, дэлхийн хөдөлмөрчин ард түмэнд хүнд гарз тохиолоо” радиогийн мэдээ орос орныг бүхэлд нь цочирдуулсан юм. “Махны машин”, ард түмний цус нулимсаар өөрийн дарангуйллыг бэхжүүлэгч “мангас”, Коммунист Намын болон ЗХУ-ын агуу удирдагч, дэлхийн II дайны баатар, ард түмний эцэг, нөхөр Иосиф Виссарионович Жугашвили Сталины үхлийн шалтгаан нь хэн бүхэнд сонин байлаа. Залгамжлагчид нь түүний үхлийг ердийн, жам ёсны мэт харагдуулахыг хичээж тайлбарлаж, ард түмэндээ ойлгуулсан ч энэхүү үхлийн шалтгааны нууцыг өнөө ч тайлж чадаагүй юм.
Дотоод явдлын яамны сайд Берия, Батлан хамгаалах яамны сайд Николай Булганин, Сайд нарын Зөвлөлийн даргын орлогч Георгий Маленков болон Москва хотын бөгөөд мужийн Намын Хорооны дарга Никита Хрущев нар ажил хэргийн болон амин хувийн асуудлаа ярилцаж коньяк шимэх нь түгээмэл байв. Хоёрдугаар сарын сүүлийн өдөр ч бас тэд сурсан зангаараа навс архидаж, өглөөний 06:00 цагийн үед тарцгаажээ.
Ихэд согтсон Сталин нэг бол хачин зөөлөрч журмын нөхөдөө магтах ба бас ёжлох шоглохыг хослуулан тэдний заримынх нь ажил төрөлийг тааруу байгааг нөхөрсөгөөр сануулж байжээ. Их хувьсгалын удирдагч В.Ленинийг нас барсны дараа өөрийгөө түүний үйл хэргийг үргэлжлүүлэгч болгон өргөмжлөхийн тулд хамтран зүтгэгч Лев Троцкий, Григорий Зиновьев, Лев Каменев, Николай Бухарин, Алексей Рыков зэрэг өрсөлдөгчдөө нөгөө ертөнц рүү төвдөлгүй илгээсэн тэр ихэнхтэй нь цуг архидаж, иймэрхүү байдлаар харилцдаг байсныг хашир хандгай нар андахгүй. Зөвлөлтийн эдийн засаг, нийгмийн бүтцийг эрс өөрчилж, аж үйлдвэр, цэрэгжсэн улс болгосны гавьяаг цор ганцаар өмчлөгч нөхөр И.Сталинд тэд атаархахаас гадна хэзээ мөдгүй өөрсдийг нь цааш харуулахаас айж байсан нь дамжиггүй.
Хамгаалалтынхан Сталины амар тайван байдлыг алдагдуулахаас эмээж дуудаагүй байхад нь орох эрхгүй байв. Удирдагч сэрсэн эсэх нь тодорхойгүй удав. Өглөө бүр хамгаалагч нарыг утас цохин дууддаг эзэн тэднийг үд хүртэл, цаашлаад нар шингэсэн хойно ч дуудахгүй байгаад нь санаа зовниж байлаа. 18:30 цагийн үед Иосиф Виссарионовичийн өрөөнд гэрэл гялсхийлээ. Гэвч чимээгүй, дүнсгэр байдал ноёлсоор. Ашгүй 22:00 цагийн үед Кремлээс ирсэн яаралтай шууданг оруулж өгөх шалтаг гарав. Хамгаалагч хэдэн өрөөг дамжсаар бага гал зуухны өрөөнд хүрээд унтлагын өмд, дотуур цамцтайгаа гулдайн хэвтэх эзнээ харжээ. Ард түмний эцэг хамгаалагч Старостинд ямар нэгэн ойлгомжгүй дохио зангаа үзүүлж, юм хэлэхийг оролджээ…
Үргэлжлэл бий…
Г.Пүрэвсүрэн
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.