Б.Одсүрэн: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оруулахгүй байх талаар яриагүй

2021-11-10 Засгийн газар

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн байна.

Засгийн газраас ирэх оны төсвийн төсөлд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаад буй юм. Энэ хүрээнд 102 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлэв.

Улаанбаатар хотод жилд 30 мянган иргэн орон нутгаас шилжиж ирдэг гэсэн тооцоог Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ажлын баг гаргасан байна. Мөн жилд 40 мянган хүүхэд төрдөг гэж тооцвол Улаанбаатар хотын хүн ам нэг жилийн хугацаанд дунджаар 70 мянгаар нэмэгдэж буйг тэрбээр онцолсон юм. Тиймээс хот, хөдөөгийн тэнцвэрийг хангахад нэн тэргүүнд орон нутагт ажлын байр бий болгох, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай хэмээн үзэж, тодорхой төлөвлөгөө боловсруулан Засгийн газрын хуралд танилцуулж байгаа аж.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ автомашины импортын татвар, жилд бүртгэх тээврийн хэрэгслийн квот тогтоох зэргийг олон нийтийн санал асуулгаар шийдвэрлэх үүрэг өгсөн. Удахгүй энэ ажлыг зохион байгуулна. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оруулахгүй гэдэг асуудлыг яриагүй. Харин шинээр орж ирж байгаа автомашинд ямар зохицуулалт хийх вэ гэдгийг иргэдийн саналд тулгуурлан шийднэ” гэлээ.

Ташрамд дурдахад, хэт хуучин автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэх, Улаанбаатар хотод шинээр бүртгэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах, хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах, шатахууны үнэд нийслэл хотын 1 хувийн татвар тооцох зэрэг саналыг хэрэгжүүлбэл түгжрэл 15 хувиар буурна хэмээн тооцож буй аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.