Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Чимгээтэй уулзаж байна

2021-03-8 Засгийн газар

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо Хорих 401 дүгээр ангийн харъяа эмнэлэгт С.Зориг агсны хэрэгт холбогдсон Б.Чимгээтэй уулзаж байна.

Энэхүү хэрэг одоогийн байдлаар шүүхийн шатанд явж байгаа. Гэхдээ Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэж нэр бүхий улстөрчид бичлэгийг нь нийтэд ил болгоод буй билээ. Тухайн үед УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж “С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Цаашлаад хариуцлагагүй шалгасан, шүүсэн хүмүүсийн асуудал яригдана. Энэ хол явах асуудал шүү. Эрүүдэн шүүсэнтэй холбогдолтой асуудлыг 2-3 жил судалсан. Туйлын ноцтойгоор эрүүдэн шүүсэн нь үнэн, бичлэг нь байгаа. Аль улсын нутаг дэвсгэрт амьдарч, аль улсын Ерөнхий шүүгч, хуулийн ажилтнууд ажиллаж байгаа юм ингэж 1937 оныг сэргээж болдог юм уу. Би баримтгүй зүйл ярихгүй. Хууль номын дагуу ажилла гэсэн болохоос биш, дуртай болгоноо хийж бай гэж шүүгч нарыг томилоогүй. Миний ганц зорьж байгаа зүйл бол гурван хөгшнийг амьдад нь хүүхдүүд нь алуурчин биш байсан гэдгийг л мэдүүлэх юмсан гэж зүтгэж байна. Би энэ хэргийг хөөцөлдөөд хоёр жил зургаан сар өнгөрлөө. Маш их хугацаа алдаж байна. Хэлмэгдсэн хоёр иргэнийг цагаатгах талаар хурдан хуралдаж, шийдвэрлэх хэрэгтэй. Бүгд шалгагдах ёстой. Энэ бүх ажиллагааг зохион байгуулсан хүн нь Г.Эрдэнэбат, Б.Хурц хоёр” хэмээн мэдэгдэж байсан юм.

Дашрамд дуулгахад, Ерөнхий сайд уулзалтынхаа дараа мэдээлэл хийх юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.