Монгол Улс МСК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр болгох болзлыг хангажээ

2021-02-26 Гадаад харилцаа
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин АНУ-ын Мянганы сорилтын корпорацын дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жонатан Брүүкстэй энэ сарын 25-нд цахим уулзалт хийв.

Талууд Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд 2018 оны 7 дугаар сард байгуулсан Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэх Хоёр дахь компакт гэрээг эхлүүлэх бэлтгэл ажлын  явц байдлын талаар ярилцаж, хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Дэд сайд Б.Мөнхжин энэхүү компакт гэрээ нь Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэх, улмаар хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохын зэрэгцээ Монгол-Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв. Мөн гэрээг 2021 оны эхний улиралд багтаан хүчин төгөлдөр болгох болзолт нөхцөлүүдийг Монголын тал үндсэнд нь хангаад байгааг мэдээлэв.

МСК-тай байгуулсан Хоёр дахь компакт гэрээний хүрээнд АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын тусламжаар Улаанбаатар хотын усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, саарал ус дахин боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалт хийх юм.

Эх сурвалж: ГХЯ

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.