БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр орон нутагт ажиллаж байна

2021-03-4 Байгаль орчин

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна. Энэ үеэр тус аймгийн БОАЖГ-ын үйл ажиллагаатай танилцаж байгаль орчин, аялал жуулчлалыг хөгжүүлэх орон нутгийн бодлого, зорилт, арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Шаргалжуутын рашаан ус орчмыг орон нутаг өөрийн хамгаалалтдаа аван олон улсын жишигт нийцсэн орчин болгон тохижуулах, мөн орон нутгийн орлогоо нэмэгдүүлэх, хүний оролцоогоор сүйтгэгдэж буй байгалийг өөрөөр нь сэргээх, хамгаалах, хөгжүүлэх тухайд анхаарч буй тухайгаа салбарын дэд сайдад танилцуулсан юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны төлөвлөгөөнд Баянхонгор аймагт байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр 44 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Дэд сайд Ц.Батбаяр цөлжилттэй тэмцэх, зэрлэг амьтнаа хамгаалах, рашаан ус орчмыг зохистой ашиглах, хамгаалах, бичил уурхайн асуудал буюу байгалийн нөхөн сэргээлтэд онцгойлон анхаарч ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.

Эх сурвалж: БОАЖЯ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.