“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр” хэмээх үлгэр 30 дахь жилдээ үргэлжлэх үү

2021-02-18 Нийгэм
Дэлхийн туршлагаас суралцана хэмээн өөрсдийн хэр хэмжээг үл мэдэн бусдын “тогоо” руу өнгийсөөр байгаад өөрсдөө хоосон шахам үлдэж байгаа улс бол Монгол. Өвөг дээдсээсээ уламжлан ирсэн үндэсний уйгуржин бичгээ бүх нийтийн хэрэглээ болгож амжаагүй атлаа дэлхийтэй хөл нийлүүлнэ хэмээн бага ангиас нь Англи хэлийг зааж эхэлсэн. Эцсийн үр дүнд гадаад хэл ч үгүй, үндэсний бичгээ ч мэдэхгүй шинэ үеийнхэн гарсан. Өөрийн тогоон дахь хоолыг бүрэн гүйцэд болгоогүй атлаа бусдын тогоо руу өнгөлзсөөр байгаад “хоолоо” шатаагаад  өөрийн ч үгүй, өрөөлийн ч үгүй  хоосон үлдсэн үлгэр ингэж эхэлсэн юм.

Өнөөдрөөс дөрвөн жилийн дараа буюу 2025 он гэхэд бүх нийтээрээ үндэсний бичгээрээ бичиж, уншиж чаддаг болно гэсэн уриатай “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”- дээр Засгийн газар бас нэгэн хуурамч тамгаа даржээ. Хэрэгжиж эхлэх хугацаа нь хэдийнэ болчихоод байхад эхний цэгээ ч хатгаж амжаагүй явна, Боловсролын яам нь лав.

“ХӨТӨЛБӨРИЙН ДҮНД МОНГОЛ БИЧГИЙН ЯГ ЯМАР ТҮВШИНД ХҮРЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ”

Ирэх намраас их сургуулийн оюутнууд монгол бичгийн хичээлийг заавал судална хэмээн  “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-т тусгасан. Энэ талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир манай сонинд өгсөн ярилцлагандаа “Энэ намраас их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд монгол бичгийн хичээлийг заавал судлах хөтөлбөр батлагдсан. Тиймээс их, дээд сургуулиуд монгол бичгийн хичээлийг заавал судлах бэлтгэл ажлаа эртнээс хангаж, хүний нөөцөө төлөвлөж байх нь чухал” хэмээн ярьсан билээ. Гэвч шинэ хичээлийн жил хэдхэн сарын дараа эхлэх гэж байтал тодорхой чиглэлийг боловсролын яамнаас өгөөгүй, хэрхэн эхлүүлэх талаар ярилцаагүй байна гэсэн хариуг их, дээд сургуулийн албаны хүмүүс өглөө.

Хамгийн эмгэнэлтэй нь оюутнууд үндэсний бичгийг ямар түвшнээс эхэлж сураад аль түвшинд хүрэх талаар ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Энэ талаар МУИС-ийн Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвцогт “Манай сургууль Ерөнхий суурийн багц хичээлдээ Монгол хэл, бичгийн хичээлийг заавал судлуулахаар оруулна гэж төлөвлөсөн. Хоёрдугаар улиралд хэлэлцээд ирэх есдүгээр сараас хэрэгжүүлнэ. Одоогийн энэ хөтөлбөрөөр арван жилдээ үзчихсэн хичээлийн яг юуг нь дахиж үзүүлэх гээд байгаа нь тодорхойгүй. Хөтөлбөрийн үр дүнд Монгол хүн Монгол бичгийн яг ямар түвшинд хүрэх нь, сурагч байхдаа аль түвшинд хүрээд, оюутан болоод аль түвшинд хүрэх вэ гэдэг нь тодорхой бус. Жишээлбэл, 100 хувийн чадвар эзэмшихээс  70 хувийг нь арван жилдээ, 30 хувийг нь их сургуульдаа үзнэ гэсэн зүйл байхгүй. Түвшний ялгаагүй учраас арван жилдээ үзсэнийг нь дахиад заахаас өөр аргагүй байдалд их сургуулиуд тулж ирлээ” гэж ярьсан юм. Хөрсөн дээрээ бодитоор  хэрхэн хэрэгжүүлэх ямар ч үндэслэл судалгаагүй хөтөлбөр баталчихаад “Бэлтгэл ажлаа ханга” хэмээн хий хоосон тушаал өгсний илрэл нь энэ.

“ҮНДЭСНИЙ БИЧГИЙГ ХЭРЭГЛЭХ ОРЧИН БАЙХГҮЙ”

Хамгийн эмгэнэлтэй нь оюутнууд үндэсний бичгийг ямар түвшнээс эхэлж сураад аль түвшинд хүрэх талаар ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

Сурагч байхдаа судлаад үргэлжлүүлэн оюутан болоод судаллаа гэхэд хаана, юунд Монгол бичгээ ашиглах вэ гэдэг нь бас бүрхэг. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр” хэмээх сүржин нэртэй хөтөлбөрийг 1995 оноос эхлэн 26 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Гэвч бүх нийтээрээ үндэсний бичгээ сурах нь байтугай сурагчид нь уншиж, бичиж чадахгүй байсаар өдийг хүрлээ. Сургуульдаа сурсан бичгээ хэрэглэх орчин байхгүй учраас мартдаг гашуун түүх бидэнд бий. Одоо л нэг нийтээрээ үндэсний бичигтэй болох нь хэмээн сайшаан хүлээж авсан энэ удаагийн хөтөлбөр ч өмнөх түүхийг давтахгүй гэсэн баталгаа одоогоор бидэнд алга.

Энэ талаар МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч Ш.Баттөгс “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III-т “Их дээд сургуулийн бүх оюутан гурван кредитээр үзэх, Монгол хэл бичгийн багшийн мэргэжлийн ангид заах, төгсөх үед нь монгол бичгийн шалгалт авдаг байх” гэсэн хэд хэдэн заалт орсон. Энэ чиглэлээр ажиллаарай гэснээс өөр нарийн тодорхой чигийг Боловсролын яамнаас өгөөгүй. Уг нь Монгол бичгээ сурахгүй бол болохгүй нь гэсэн хөшүүргийг бий болгох хэрэгтэй. Арван жилд нь монгол бичгийг цөөн цагаар үзүүлчихээд больчихдог. Үүнээс цааш хэрэглэх орчин нь байхгүй болохоор мартчихдаг. Уг нь үндэсний бичгийг 21 хоногт уншиж, бичиж сурж болдог” гэв.

Ирэх намар хэрэгжих гэж байгаа хөтөлбөр ямар их “түүхий” байгааг дээрх эх сурвалжийн ярианууд баталж байна. Үүнээс гадна бид улсын болон хувийн хэд хэдэн сургуультай холбогдоход “Тийм хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ гэж сонссон. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл, албан тоот хүлээж аваагүй” байна гэсэн хариуг өгч байлаа. Эрх баригчдын ээлжит хоосон амлалтын урхинд бид ийн оржээ.

ЭХ ХЭЛЭЭ Ч ХАРЬ Ч ХЭЛИЙГ Ч МЭДЭХГҮЙ ШИНЭ ҮЕИЙНХЭН

Гадаад багш нарын “Англи хэлийг хэдэн жил судалж байгаа вэ” гэсэн асуултаас манай сурагчид ичдэг. Судалсан жилийнхээ тоогоор ур чадвар нь хэмжигддэг бол сургуулийн сурагч бүр Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй болоод төгсөх байлаа. Гэтэл ихэнх нь хэдэн үсэг, дүрмээс цааш мэдлэг олж чадахгүй байсаар өдийг хүрлээ. Оюутан болоод ерөнхий эрдмийн хичээл хэмээн бүгд дахин арван жилдээ үзсэн хэдэн дүрмээрэээ “балбуулна”. Ахиц гарсан зүйлгүй байсаар дэлхийн хөгжлийн тоосонд дарагдан замаа олохгүй явсаар ирлээ. Гэвч Англи хэл гэсэн “тоглоом”-ноосоо уйдаад ээлжит шинэ “тоглоом”-доо тэд үндэсний хөтөлбөр хэмээх сүржин нэр өгчээ.

Одоогийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөгөөр сурагчид VI ангиасаа эхлэн  үндэсний бичгийг судалж байна. Ингэхдээ VI-XII ангийнхан долоо хоногт  хоёр цаг буюу жилд 66 цаг монгол бичгийн хичээл судалдаг. Ийн үндэсний бичгээ судлаад сургуулийн орчноос гараад хэрэглэх ямар ч орчин тэдэнд байхгүй. Оюутнууд ч ялгаа алга.  “2025 онд бүх нийтээрээ үндэсний бичгээрээ бичиж сурна” гэсэн том зорилго тавьчхаад эхлүүлсэн зүйл одоог хүртэл боловсролын яаманд алга.

Улсын төсвөөс жилдээ 1.7 их наяд төгрөгийг боловсролын салбарт зарцуулдаг талаар үүрэгт ажлаа хүлээн аваад удаагүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энхамгалан УИХ-ын чуулганы үеэр ярьсан. Тэрээр  “Миний зүгээс хамгийн түрүүнд боловсролын салбарын ужгирсан тогтолцоонд үнэлэлт дүгнэлт өгч ажиллана. Боловсролын салбарт ирдэг 1.7 их наяд төгрөгийн 85 хувь нь урсгал зардалд явдаг. Уг нь энэ мөнгийг сургалтын хөтөлбөрт, багш нарын цалин, нийгмийн асуудлыг шийдэхэд зориулах ёстой зардал гэж ойлгодог. Тогтолцоогоор харж өөрчлөх шаардлагатай” хэмээн ярьсан билээ.

Өмнөх сайдуудын өчнөөн жил өөрчилж чадаагүй тогтолцоог нэг шинэ сайд гарч ирээд өөрчилнө гэдэг амар зүйл биш. Угаас боломжгүй. Үүнийхээ оронд Монгол үндэстнийхээ бахархал, оршин тогнох үндэс, соёлын дархлаа болсон үндэсний бичгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүх нийтийн хэрэглээ болгоход өөрийн давуу тал хэмээн тодорхойлсон сэтгэл зүрхээ зориулан ажиллахыг шинэ сайдаас хүсье. Үгүй бол эх хэл ч үгүй, гадаад хэл ч үгүй залуу үе төрөн гарсаар, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр” хэмээх үлгэр үргэлжилсээр байх нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.