БАЙГАЛЬ эн тэргүүнд төсөл давхардсан тоогоор 44 САЯ гаруй ХҮНД хүрчээ

2020-12-30 Байгаль орчин


Өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Байгаль орчин аялал жуулчлалын яам, Экологийн цагдаагийн алба хамтран 2020 онд Байгаль эн тэргүүнд төслийн хүрээнд нөлөөллийн дөрвөн том ажлыг хийж, хэрэгжүүллээ. Тухайлбал, ойн нөөцийн хомсдол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Ой модоо хайрлая”, “Цэнхэр алт усаа хайрлая” аян, агаар, орчны бохирдолын талаар ойлголт, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдлэг мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор “Орчны бохирдлыг бууруулъя” аян, хүрээлэн буй орчинд үүсч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, аялагчдын соёл, ухамсрыг дээшлүүлэх зорилгоор ‘’Ирлээ Явлаа Цэвэр’’ нөлөөллийн аяныг тус тус явуулсан нь давхардсан тоогоор 44 сая гаруй хүнд хүрчээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, ховор ан амьтад, түүхт өв соёлоо хамгаалахын төлөө хичээнгүйлэн ажиллаж, бодитой үр дүнг гаргаж хамтран ажилласан Экологийн цагдаагийн албаны хамт олонд талархаж байна. Ирэх 2021 онд хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн улам их ажлыг амжуулж, иргэдээ болон байгалиа хамгаалахад чиглэсэн үр дүнтэй ажлуудыг эрчимтэй явуулна.” гэсэн юм.

Цаашид Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба хамтын ажиллагаагаа өргөжүүлж Хүрээлэн буй орчноо хамгаалахад чиглэсэн нөхөн сэргээлт, ховор ан амьтдаа хамгаалах, ой мод, ундны усны талаар олон ажлууд төлөвлөж байгааг уулзалтын үеэр онцолсон юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.