“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ ЗОРИЛТЫГ АХИУЛАН ТОДОРХОЙЛОХ”  дээд хэмжээний цахим уулзалт болов

2020-12-23 Байгаль орчин

Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн хэт ялгарал нь дэлхийн дулаарлыг эрчимжүүлж, сүүлийн хагас зуун жил уур амьсгалын эрс тэс өөрчлөлт хүн төрөлхтний хувьд өмнө нь тохиож байгаагүй томоохон сорилт болоод байгаа. Энэ хүрээнд өнөөдөр дэлхийн 75 улс орны тэргүүн, Засгийн төлөөлөл оролцсон “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг ахиулан тодорхойлох” дээд хэмжээний цахим хурал зохион байгуулагдлаа. Хуралд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, дэд сайд Ц.Батбаяр болон холбогдох дарга нар оролцож  түншлэлийн талаар санал бодлоо хуваалцлаа.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Өнөөдрийн энэхүү цахим уулзалтын хүрээнд бид Дээд хэмжээний уулзалтын чухал уриа, үүрэг амлалтыг үндэсний түвшинд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, ингэхдээ олон улсын түнш байгууллагуудтайгаа үр дүнтэй хамтран ажиллах боломжийг тодорхойлохыг зорьж байгаа юм.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа-2050” баримт бичигт туссан  хүрэн эдийн засгийг ногоон  эдийн засагт шилжүүлэх  дорвитой өөрчлөлт рүү хөтлөхөд  өнгөрсөн  онд  Монгол Улсын Засгийн газраас баталсан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” ихээхэн ач холбогдолтой төдийгүй томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт эдийн засгийн голлох салбар бүрээр таван жил тутамд шинэчлэгдэн улам ахиулсан зорилттойгоор хэрэгжих Үндэсний тодорхойлсон хувь нэмэр нь тогтвортой механизм байх болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлыг  холбогдох  яам, байгууллагуудтай  хамтран  эхлүүлээд байна. Үүнд ХБНГУ-ын Засгийн газар, НҮБХХ, АХБ, Азийн сан зэрэг олон улсын түнш байгууллагууд дэмжин ажиллаж байна.” гэсэн юм.

Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлснээр Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх 13 дугаар зорилт, түүнчлэн  эрчим хүч, эрүүл мэнд, ард иргэдийн амьжиргаа зэрэг бусад зорилтуудыг шууд болон шууд бусаар  хэрэгжүүлэхээс гадна үндэсний хэмжээнд тулгамдаад байгаа агаар, орчны бохирдол, ой, газар ашиглалтын тогтвортой байдлыг хангах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болох юм.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.