Өнөөдөр (2020.12.22)-өөс ес эхэлж байна. Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор тооцоолж ирсэн билээ. Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурав гэж хуваадаг.
Ес эхэлдэг өдөр буюу өнөөдөр хамгийн богино өдөр, урт шөнө тохиодог онцлогтой.
Хэдийгээр ес эхэлж буй ч өвөг дээдэс маань урин цаг ирэхийн эхлэл хэмээн үздэг. Учир нь хүйтний эрч ес есөн хоногоор чангарч, оргилдоо хүрээд, дахин ес есөн хоногоор зөөлөрч, хавартай золгодог билээ.
Уг эртний тоолол шинжлэх ухаан хөгжсөн өнөө цагт ч халуун хүйтнийг тооцоолдог тодорхойлолт болж хэрэглэгдсээр буй бөгөөд ес хоног бүрт цаг агаарын байдал ямар байхыг ийнхүү дүрслэн хэлсэн байдаг.
ЕСӨН ЕС
Нэг есөд яах вэ? XII/22-XII/30
Нэрмэл архи хөлдөнө
Хоёр есөд яах вэ? XII/31-I/8
Хорз архи хөлдөнө
Гурван есөд яах вэ? I/9-I/17
Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
Дөрвөн есөд яах вэ? I/18-I/26
Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө
Таван есөд яах вэ? I/27-II/4
Тавьсан будаа хөлдөхгүй
Зургаан есөд яах вэ? II/5-II/13
Зурайсан зам гарна
Долоон есөд яах вэ? II/14-II/22
Довын толгой борлоно
Найман есөд яах вэ? II/23-III/2
Нал, шал болно
Есөн есөд яах вэ? III/3-III/12
Ерийн дулаан болно