Монголын төр халуун амь нь цаг минутаар хэмжигдэж буй иргэнээсээ А13 маягт гэх алга дарам цаас, PCR шинжилгээний хариу нэхэн “Эмээлт” авто тээврийн товчоон дээр гацаасаар амь насыг нь хохироов. Талийгаач О нь Улаанбаатар хотын иргэн байсан бөгөөд Архангай аймагт хөл хорионд орж, хэд хоног саатаад тухайн орон нутагт гацсан иргэдийг нийслэл рүү нэвтрүүлж эхлэнгүүт Covid-19-ийг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд орж, сөрөг гарсан хариугаа аван нийслэлд ирэхэд нэвтрүүлэхгүй байсаар ийм харамсалтай хэрэг боллоо. Тухайн үед “Бие муу байна, маш хүнд байна” гэдгээ учирласан ч “Эмээлт” авто тээврийн товчоон дээр жижүүрлэж байсан албаныхан “А13 маягт, PCR шинжилгээний хариу нэхээд, түүнийг нэвтрүүлээгүй. Гэтэл Архангай аймагт PCR шинжилгээ хийх тоног төхөөрөмж байхгүй. Харин тэр үхэл, амьдралын зааг дээр бүхэл бүтэн 10 цагийн турш тэмцэлдэн энэ хорвоог орхижээ. Энэ хугацаанд холбогдох албаныхан жаахан ч гэсэн хүн чанар, хүлээсэн үүрэгтээ хариуцлагатай хандсан бол өнөөдөр нэгэн зүрх ийнхүү зогсохгүй байсан. Мөн эл хугацаанд Түргэн тусламжийн 103 нь ирээгүй, тухайн шөнө товчоон дээр жижүүрт хоносон эмч өвчтөнд яаралтай тусламж хэрэгтэй байгааг учирлахаар Нийслэлийн эрүүл мэндийн газар руу 60 удаа залгахад утсаа аваагүй гэх. Яагаад ийм юм бэ? Тэр дундаа улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед шүү дээ…
Хамгийн гол нь Улсын онцгой комисс (УОК) “Товчоогоор нэвтрүүл” гэдэг зөвшөөрөл өгсөн ч Нийслэлийн онцгой комисс (НОК) нь “Нэвтрүүлж болохгүй” гэж тушаасан талаар холбогдох албатууд тодруулж байна. Үнэн хэрэгтээ хүний амь насыг аврах асуудал минутаар хэмжигдэж байхад хоёр комиссынх нь шийдвэр хоорондоо зөрчилдөж, Түргэн тусламжийн 103 албаныхан PCR шинжилгээний хариугүй хүн дээр очихгүй гээд дуудлагыг хүлээн аваагүй байх юм. Байдал амаргүй ч, санасныг бодвол бас ч гэж Covid-19 цар тахлаар нэг ч хүний амийг эрсдэлд оруулаагүй, нөхцөл тэгтлээ хүндэрчихээгүй байгаа ч нойр булчирхай нь өвдсөн хүнд тусламж үзүүлчихгүй чирэгдүүлсээр амь насыг нь эрсдэлд оруулсны хариуцлагыг хэн хүлээх вэ?
УОК-ын PCR шинжилгээний хариу нь гарсан хүнийг товчоогоор нэвтрүүлнэ гэх шийдвэрийг гаргасан хүмүүс багаараа юу, эсвэл хүнд өвчтэй ганц хүнд сэтгэл гаргаад нэвтрүүлчих эрх олгоогүй НОК-ынхон уу, аль эсвэл эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, хүнд өвчтөнийг эмнэлэг бараадуулах арга хэмжээ аваагүй Түргэн тусламжийн 103 болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга уу.
Гэтэл албаныхан арьсаа хамгаалах ажилдаа орцгоож, НОК-оос “Талийгаач А13 маягт, PCR шинжилгээний хариугүй байсан” гэж бухаж суугаа бол УОК-ын дарга нь НОК-руу бичиг шидэн, буруутай этгээдүүдэд харицлага тооцох чиглэл өгөв. Явж, явж буруутан нь талийгаач О түүний гэр бүлийнхэн, мөн гаргасан шийдвэрийг нь хэрэгжүүлж ажилласан үүрэг гүйцэтгэгчид болж, буруудах бололтой.
Уучлаарай, шийдвэрээ буруу гаргасан албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой болохоос хүйтэнд өдөр шөнөгүй ажиллаж буй дээрээс ирсэн тушаалыг үг дуугүй үүргээ гүйцэтгэж байгаа энгийн ажилчид хариуцлага үүрэх ёсгүй. Тэд зөвхөн та бүхний бултаараа сууж, цагаан дээр хараар бичсэн тушаалыг л биелүүлсэн !!!
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.