Ерөнхийлөгч Х.Баттулга Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг даруй хэлэлцүүлэхийг хүслээ

2020-12-8 Ерөнхийлөгч

Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг байх, гадаад валютын улсын нөөцийг болон худалдан авах гадаад валютын хэмжээг нэмэгдүүлэх, урсгалыг нь сайжруулах, валютын ханшийг тогтворжуулах, бууруулах зэрэг онцгой ач холбогдолтой Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны аравдугаар сарын 12-нд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганы 2018 оны аравдугаар сарын 19-ний нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Үүнээс хойш 2 жил 2 сар орчмын хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хуулийн төслийг 2019 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан УИХ-аар хэлэлцүүлж батлах тал дээр идэвх санаачилга гарган ажиллах талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд 2019 оны тавдугаар сарын 30-нд албан бичиг хүргүүлж байсан юм. Харамсалтай нь уг хуулийн төслийг эцэслэн батлах, амьдралд хэрэгжүүлэх чиглэлд УИХ-ын гишүүдийн зүгээс идэвх санаачилга гаргаагүй, арга хэмжээ огт аваагүй байгаа бөгөөд цаашид ч энэ байдал үргэлжлэх шинжтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 11 дэх заалтад тусгасан “гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” бодлогыг хамгаалах зорилгоор Монголбанктай хамтран боловсруулсан. Дээрх заалт батлагдсан өдрөөсөө хойш ердөө 20 гаруйхан хоногийн дараа УИХ-ын 2017 оны 30 дугаар тогтоолоор хүчингүй болсон байдаг.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд байгуулагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үед “Рио Тинто” компани зэсийн баяжмал борлуулах гэрээгээ Монголын талаас нууцалсан, УИХ-ын ажлын хэсэгт гаргаж өгөөгүй зэрэг ноцтой асуудлууд ил болон сөхөгдөж, тухайн үеийн гишүүд Монгол Улсаас гарч буй баялаг, экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд болон тус компанийг хөрөнгө оруулагч уу, зээл зуучлагч уу гэдэгт эргэлзсэн байр суурийг цөөнгүй илэрхийлэн, гайхан шуугиж байсан боловч өнөөдөр мартагдсан байгааг албан бичгээрээ санууллаа.

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь улс орны хөгжил, эдийн засагт үнэмлэхүй хувь нэмэртэй, голлох нөлөөтэй байгаа ашигт малтмал, уул уурхайн салбарт гарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэн урагшлуулах боломжуудын нэг бөгөөд хуулийн төслийг хурдан шуурхай баталж, хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан бол ард иргэдийн амьдралд асар хүнд дарамт, бэрхшээл болоод удаж буй ам.долларын ханшийг тогтоон барих, бууруулах чиглэлд онцгой ахиц дэвшил гаргах байсан гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга санаачилсан хуулийн төслийг нь улс төрийн шийдвэр гаргаад хэлэлцэхгүй болгодог, эсвэл чадан ядан дэмжүүлсэн хуулийн төслийг нь батлахгүй дардаг, цар тахлын гамшиг нүүрлэсэн энэ хүнд үед иргэдээ дэмжсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсвийн бодлого юу юунаас илүү чухал байгааг сануулж шаардахад элдэв шалтаг, шалтгаан тоочин эсэргүүцдэг байдалдаа Монгол Ардын нам, түүний гишүүдээс олонх нь бүрдэж байгаа УИХ нухацтай дүгнэлт хийж, анхаарахыг зөвлөлөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.