Уламжлалт болон төслийн зуухны янданг хэрхэн хөөлөх вэ?

2020-10-18 Байгаль орчин

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, өвөлдөө бэлтгэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг санаачлан улс орон даяар эхлүүлсэн.

Учир нь угаарын хийн хордлогод өртсөн ихэнх айл өрхүүдэд судалгаа явуулахад ихэвчлэн ханан пийшин эдвэрч хагарсан, зуух яндангийн холбоос завсартай, яндангийн хөө тортгийг цэвэрлээгүй бөглөрүүлсэн, үнс дүүрсэн, яндан намхан, сойлт хаасан, зориулалтын бус зүйлээр өрхөө бүтээсэн гэх мэт шалтгаан нөхцлүүд тогтоогддог байна. Тиймээс та галлагаат орчинд амьдардаг бол яндангаа цаг алдалгүй хөөлж, ханан пийшингийн бүрэн байдлыг сайтар хангаж, угаарын хий мэдрэгчийн ажиллагааг заавал шалгахын уриалж байна.

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье. Эрхэм танд уламжлалт болон төслийн зуухны янданг хэрхэн хөөлөх талаар дараах зөвлөгөөг холбогдох албанаас хүргүүлж байна.

1. Галлахын өмнө яндангаа буулгаж үзүүр хэсэгтээ арзгар тросстой урт саваагаар хөө, тортгийг цэвэрлэнэ.
2. Цэвэрлэсний дараа яндангийн нэг үзүүрт битүү уут углаж зөөлөн түншиж хөө, тортогийг хийнэ.
3. Дээрх үйлдлийг 2-3 удаа давтана.

Ханан пийшинг хэрхэн хөөлөх вэ?

1. Байшингийн шувуу нуруунаас дээш гарсан янданг үзүүртээ арзгар тросстой 6 метр урт саваагаар дотор ханыг үрж тортог, бохийг унагана.
2. Савааг ханан пийшингийн худгийн доод хэсэгт хүргэнэ.
3. Ханан пийшин хэдэн худагтайгаас хамаарч худаг бүрт нүх гаргаж, дотор хана, булан тохой,өнцгүүдийг сайтар цэвэрлэж хөө тортгийг хутгаж авна.

Анхаарах:

1. Яндан хөөлөх явцад гэмтэл үүсч ан цав гарахаас сэргийлээрэй.
2. Хэрэв яндан элэгдэж, нимгэран ан цав гарч цоорсон тохиолдолд битүүлж шавардах эсвэл солих шаардлагатай.
3. Янданг жилд 2-3 удаа хөөлж хэвшээрэй.

Хүн бүр хариуцлагатай байж дээрх зааврыг ягштал мөрдөж өөрийгөө болон хайртай хүмүүсээ угаарын хийн хордлогоос хамгаалаарай.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуучлалын яам

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.