Хариуцлага хаана байна?

2020-11-27 Нийгэм

 

Манай улс дотооддоо ковид-19 вирусийн халдварыг алдсан нь дээр дооргүй “Хэн хаана хариуцлага алдав?” гэсэн асуултад эзэн хайж эхлэв. Харин албаныхан буюу Улсын онцгой комиссоос төмөр замаар орж ирсэн гэдгийг мэдэгдээд байгаа. Энэхүү асуудалтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар төмөр замд хариуцлага тооцох асуудлыг хөндөх болсон. Гэтэл саяхныг хүртэл удирдах албанд нь ажиллаж байсан “Шилэн” Цогоо буюу Б.Цогтгэрэл дээрх гишүүдэд хандаж “Та хоёр төмөр замчдаар оролдох хэрэггүй” хэмээн анхааруулах, занадрахын дундуур үг дайж хэдэн өдрийн хэрүүл болсон билээ. Харин энэ зуур гал дээр тос гэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцаг өөрийн цахим хуудсаар том дуугарч байдаг шүү. Тэрбээр “Төмөр замчид руу дайрч давшлахыг хүлцээд тэвчиж чадахгүй. Май шүү, бид чи биш. 16 мянган салаавч шүү, чамд. Чамд төмөр замчид тэр коронагаас илүү хүчтэй гэдгийг мэдрүүлнэ шүү” хэмээн бичсэн нь хөл хорио тогтоосон эл өдрүүдийн гол синсаац байлаа.

Тэгэхээр УИХ-ын гишүүн гэдэг бол төрийн хууль тогтоох дээд байгууллагад ард түмний төлөөлөгч буюу бүрэн эрхэт халдашгүй дархан эрхтэй гэдэг байхаа. Гэтэл жирийн нэг төмөр замын хурган дарга төр улсыг тэр чигээр нь доромжилж, 16 мянган салаавч өгч байна хэмээн хуурай агсам тавьж байхад шийдвэр гаргах түвшний эрх баригчид яагаад амаа үдүүлсэн мэт чимээгүй сууна вэ. Тэр дундаа манай “бяцхан” орныг байтугай дэлхийг ч барьц алдуулж буй цар тахлын ийм хүнд хэцүү үед олон хүн цуглуулж, тэмцээн уралдаан зохион байгуулсан энэ газарт хэн, хэзээ хариуцлага тооцох вэ. Ер нь Монгол Улс дотор “Бие даасан тусгаар улс” гэдгээ зарлачихсан аятай суух энэхүү албан газарт удирдлага гэж байна уу. Ингэхэд Р.Жигжиднямаа дарга хаана явна вэ?

Ямартай ч эх суравжлийн мэдээлж байгаагаар Р.Жигжиднямаад холбогдох хоёр ч хэргийг АТГ, ЦЕГ-ийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж иржээ. Эхнийх нь 1000 вагоны хэрэг буюу “Шилэн” Цогоогийн нэр холбогддог асуудал бол удаах нь Хонг Конг-д байрлах компаниараа 7.5 сая ам.долларыг угаасан гэх хэрэг аж. Гэвч өнгөрөгч хугацаанд дээр, доороосоо татаас сайтай гэгддэг Р.Жигжиднямаа элдэв арга сүвэгчлэн үүгээр түүгээр гүйгээд хуулийн байгууллагынханд дорвитой атгагдахгүй байсан гэх. Харин өдгөө эл ажиллагаа идэвхжиж эхэлсэн учраас тэрбээр хилийн дээс давсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Юутай ч энэ байгууллагад төрийн хурц хараа хэрэгтэй байна..

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.