Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцлаа

2020-10-30 Байгаль орчин

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын эхэнд “Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн”-г үзэж сонирхон орон нутгийн аялал жуулчлалын салбарын төлөөллүүдтэй уулзсан юм.

Үргэлжлүүлэн Байгаль орчны, судалгаа шинжилгээний төвд очиж нөхөн сэргээлт, бүтээн байгуулалтын үзэсгэлэнг үзэн салбарын албан хаагчидтай уулзлаа. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт шийдвэрлэх шаардлагатай байгаа голлох дөрвөн асуудлыг хөндөж Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Аялал жуулчлалын хөгжлийг бодитоор дэмжих зорилгоор “Аялал жуулчлалын сан” бий болгох, Ойн салбарын удирдлага, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг цэвэрлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх, Байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрийн орлогыг байгаль хамгаалах арга хэмжээнд хуулийн дагуу бүрэн зарцуулах талаар анхаарч өгөхийг хүслээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчидтай уулзах үеэр уул уурхайн улмаас эвдэрч сүйтгэгдсэн газруудад нөхөн сэргээлтийн ажлыг хийхийг үүрэг болгов. 

Мөн Хөвсгөл нуурын эко системийн бохирдлын эсрдэлийн судалгаа хийж шаардлагатай арга хэмжээг авах, Туул голыг аврах, хамгаалах ажилд анхаарал хандуулж асуудлыг шуурхай шийдвэрлэх, Агаарын бохирдлыг 80 хувиар бууруулахад анхаарч ажиллах, хог хаягдлыг үе шаттай шийдвэрлэж зөв менежментийг боловсруулах, аялал жуулчлалын чиглэлээр хийгдэж байгаа их бүтээн байгуулалтын ажлыг үргэлжүүлэх зэрэг чиглэлд онцгойлон анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болголоо.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Ирэх дөрвөн жилд Байгаль орчин, аялал жуулчлалын яам  хог хаягдлаас эрчим үйлдвэрлэх, аюултай хог хаягдлын үйлдвэр байгуулах, томоохон гол мөрний урсацын тохируулга хийх, говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлэх усны байгууламж, далан барьж байгуулах, тусгай хамгаалалттай газруудад аялал жуулчлалын жишиг загвар бий болгох, гол авто замуудын дагуу үйлчилгээний төвүүд байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

 

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.