Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдлаа

2020-10-29 Байгаль орчин

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ сарын 28-ны өдөр ээлжит хурлаа хийлээ. Хурлаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, “Яндангаа хөөлье” аяны хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажил, төрийн болон төрийн бус байгууллагууд агаарын бохирдлын эсрэг хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар хорооны гишүүд мэдээлэл солилцлоо.

Өнгөрсөн жил Монгол улсын Засгийн газраас түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62-р тогтоол гарсан. Үүний үр дүн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг сайжруулсан шахмал түлшийг хэрэглээндээ нэвтрүүлж агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Засгийн газар энэ амжилтаа бататгаж ирэх дөрвөн жилд агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах зорилтыг тавин төр болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Хурлын үеэр БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулан үндэсний хорооны дарга Д.Сарангэрэл хэлэхдээ: “ Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь Монгол улсын Засгийн газраас баталсан агаар орчныг бууруулах үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр салбаруудын уялдаа холбоог ханган өргөн хүрээнд ажиллаж байна. Сүүлийн 20 жилийн турш бид агаарын бохирдлын асуудалтай тулгарсаар ирсэн.

Хоёр жил хүрэхгүй хугацаанд анх удаа агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Энэ амжилтаа бататгах, ахиулахад бидний хамтын ажиллагаа маш том үүрэг хүлээж байгаа. Зорилгоо тодорхойлж, зоригтойгоор хийж эхлэх цаг нь болсон” гэдгийг онцолсон юм. БОАЖ-ын сайд, ОББҮХ-ны дарга Д.Сарангэрэл холбогдох албаныханд хэд хэдэн үүрэг, чиглэлийг өглөө. Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг цаг алдалгүй нэмэгдүүлж, иргэдэд хүртээмжтэй байлгах чиглэлд анхаарах, өнжмөл нүүрсний асуудлыг цэгцлэх, хяналтыг сайжруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг иргэдэд тасралтгүй хүргэх чиглэлийг өгсөн юм.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.