УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Т.Энхтүвшин, Ж.Мөнхбат нар Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж байна. Энэ хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Одоогоор тус чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын газар шорооны ажил 99.6 хувь, хоолойн ажил 98 хувьтай үргэлжилж байгаа бол дээд бүтцийн 100 км төмөр замыг угсраад байна.
Энэ төслийн нэг онцлог нь цар тахалтай холбоотой хил орчмын дэглэм барьж гүүрийн ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж байгаа юм. Эхний гүүрнүүдийн дам нурууг амжилттай угсраад байна. Энэ талаар “Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн төслийн удирдагч З.Отгонтөрөөс тодруулахад, “Энэ төслийн газар шороо болон хоолойн ажил дуусах шатандаа орж гол нь гүүрийн ажлууд үлдсэн. Үүнд бид чанар, техникийн шаардлагыг сайн тавих хэрэгтэй. Төслийн хэмжээнд нийт 27 гүүр байгаагаас 13 гүүрийн дам нуруунуудыг бүрэн тавьсан. Бусад гүүрэнд дээд бүтэц тавихад бэлтгэх ажлууд хийгдэж байгаа” гэв.
Гүүрийн ажлын гүйцэтгэл 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 83.5 хувьтай явагдаж байгаа бөгөөд дотоодын компаниуд амжилттай гүйцэтгэж байна. Бүтээн байгуулалтад дотоодын 94 аж ахуйн нэгж, 6000 гаруй инженер, техникийн ажилчин, 2900 техник оролцож байна. Доод бүтцийн газар шорооны ажил 99 хувь, хоолойн ажил 97, зөрлөгийн барилга 73, өртөөний барилга 41 хувийн явцтайү үргэлжилж байна. Дээд бүтцийн 54 км-ын ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН, 15.8 км-ыг Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгэж байгаа аж. Төмөр замын 27 байршилд тавих 2500 орчим метр урт гүүрийн ажлын явц 73 хувь, эрчим хүчний шугамын ажил 60 хувь хүрчээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН 11 дүгээр сарын 30-ны дотор дээд бүтцийн барилга, угсралтаа дуусгахаар төлөвлөжээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын доод бүтцийн ажил дуусч дээд бүтэц буюу 221 км замын угсралтын ажил өрнөж байгааг албаныхан мэдээлэв.
Тавантолгойгоос Зүүнбаян тосгон хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтыг өрнүүлснээр тус бүс дэх эргэн тойрны ашигт малтмалын 37 орд газар эргэлт орохоос гадна Зүүнбаян сумын хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэнэ хэмээн тооцоолж байгаа юм байна. Зүүнбаян өртөөнд төмөр замын 70 гаруй ажлын байр бий болж ачаа тээвэр шилжүүлэн ачих найман замтай, үе угсрах баазтай болох юм. Мөн Зүүнбаян сумын хүн ам өсч 10 орчим мянгад хүрэх төдийгүй томоохон бүтээн байгуулалтыг дагаж шинэ ажлын байр олноор бий болно гэж тооцжээ.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд шинэ төмөр замын ажлын явцтай танилцахдаа ажлаа хугацаанд нь түргэн шуурхай хийж, бүтээн байгуулалтад оролцож буй хүмүүст амжилт хүслээ. Мөн шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг Засгийн газартай хамтран шийдэх талаар ажиллана гэдгээ илэрхийлэв.
ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн төмөр зам дагуух өртөө, зөрлөгийн ажлыг хариуцаж, эхнээс нь ашиглалтад оруулж эхэллээ. Зөрлөгийн болон ажилчдын орон сууцыг халуун хүйтэн ус, халаалттай барьж, байгуулсан нь дараа, дараагийн өртөө, зөрлөгийн жишиг болж байна. Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа цэргүүд нь сард хоёр сая орчим төгрөгийн цалин авч байгаа юм. Харин Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын дээд бүтцийн ажлыг “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ ХНН-ийн ажилчид гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Зүүнбаян өртөөнөөс эхлэн 22.5 км рейльс төмөр угсарч, үргэлжлүүлэн угсрахад шаардагдах бетон дэр, ган хийц зэрэг бэлдэцүүдээ бэлтгэжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.