АРДЧИЛАЛ ба ТҮГЖРЭЛ

2020-09-21 Нийгэм

Юун этгээд гарчиг вэ гээд хүмүүс шогшрог. Юугаа балайраад байгаа юм гээд харааг. Тэгж гарчиглахгүй болоод л би тэгж хэргээр төр-засгийн, шийдвэр гаргагчдын, олон түмний сонорт хүргэх гэж байгаа юм.

Нэгэн учир. Цэл залуухан цагдаагийн офицер цагдаагийн сургууль төгсгөөд Замын цагдаад очлоо. Дэслэгч цолтой. Ажилд орсон өдрөөсөө л Улаанбаатарын авто замын түгжрэлтэй тэмцэнэ, ярина, амны уншлага нь “амьд гэрлэн дохио” болоод өвөл зунгүй зогсож байгаа тухай, мань дэслэгч 25 жил ажиллаад хурандаа цолтой, олон одон тэмдэгтэй тэтгэвэрт гарна, амны уншлага нь яг хэвээрээ, “амьд гэрлэн дохио” болоод Улаанбаатарын авто замын түгжрэлтэй тэмцэх тухай дараагийн залуустаа мэргэн захиасаа үлдээнэ. Дурсамж нь нуль замын түгжрэлтэй тэмцсэн яруу алдрын их түүх.

Ийм болчихвол яах вэ гэдгийг төр-засгийн шийдвэр гаргагчдаас ам асууж байна. Яг ийм болчихоод байна шүү!

“Ардчилал”, “Хүний эрх”, “Эрх чөлөө” гэдгээ авчраад авто зам дээрээ сийлчихсэний гай. Лав ойрын арав хорин жилд арилахгүйгээр энэ нийгэмд асар том дарамт, асар их мөнгөн гарлага, хайран сайхан амь нас, асар их алтан цаг хугацааг чинь түгжрэл гэх энэ нэг гай тамгална. Мөдхөн сүйрэл болно, тэр гарцаагүй!

Ардчилалтай яах гэж холбосон юм гэхлээр өмчтэй байх иргэний их хүсэл зоригийг ардчилал хангаж өгснийг би хэлж байгаа юм. Үнэндээ энд АРДЧИЛАЛ-д ямар ч буруу байхгүй ч би хэргээр “АРДЧИЛАЛ” гэсэн пайзыг нь замын “ТҮГЖРЭЛ” рүү авчирч нааж байна, аргаа бараад шүү дээ! Монголчууд “АРДЧИЛАЛ”–ыг хэргээр буруу, муухай, тэнэг ашиглаад байгаад нь бүp цөхрөөд шүү дээ!

Хувийн унаа машинтай болно гэж социализмын үед давахгүй даваа, онцгой дархан эрхтэй, маш том арын хаалгатай, бусдын атаархал таттал баяжсан ганц нэгхэн хүн хийдэг оролддог ажил байжээ. Хувийн өмчтэй байлгахгүй гэсэн социалист үзэл суртал, хууль тогтоомж хувийн машиныг ёстой нэг “гөлөг болгож” байжээ. Миний мэдэхийн хувийн машинтай ганц нэг хүн ад шоо үзэгдсэн байдалтай, нийгмийн цөөнхийн цөөнхи, тэрүүхэндээ булганасан, бараг нүүрээ нууж, нэр төр муутай явсан юм шиг. Анх эмгэн бенз хоёр нөхөр Германаас оруулаад ирээдэхсэн чинь Улаанбаатарт нүд хужирлах гэгч болж, тэр хоёрыг хотын гудамжаар явуулахгүй, учир нь саваагүйтээд цагдаа заавал шүгэлдэж зогсоодог, машиных нь хамрыг сөхүүлдэг, эргэж тойрч нэгд нэгэнгүй үзэж сонирхдог байж гэнэ. Машины эзэн надад тэгж ярьж байсан шүү, 1988 онд болов уу.

Ардчилсан хувьсгалын эхний гол зорилтууд дотор хувийн өмчийг хуульчлах гээд явж байсан ба түүнийгээ ч давуулж хийчихсний нэг бодит жишээ нь далай шиг бялхам энэ их машин байна. Хувьдаа ерюу юутай (өмч) байхыг хуу зөвшөөрчихсөн. Ард түмэндээ эрх чөлөөг нь ардчилал олгочихсон. Эрх чөлөөгөө эдлээд жаргалаа босгогтун. Ариун уриа нь!

Тэрхүү эрх чөлөөний тод томруун илрэл нь хувийн машин болов оо. Гайхуулцгаая гэвэл тэр л байна. Харин нөгөөх нь аз жаргал биш, ГАЙ ЗОВЛОН аваад иржээ. Хөл дүүжлэх унаа, чөдрийн ганц морины сэтгэхүйтэй монголчууд жингийн тухайг хэтэртэл, шийдэл байхгүй болтол, нийгмээ сөнөж нураатал хувийн машинтай болсон, болж ч байна. “Машины түгжрэл гэдэг ойлголт монголчуудад XXI зуунд ирээд наалдчихжээ. Хар даа. 1980-аад оны III хорооллын энэ төв зам” гээд хов хоосон зам, замд ганц нэг автобус явж буй дээрхи зургийг face-д постлоод тавьчихсан чинь олны сэтгэлд хүрчихэж. Like тоймоо алдлаа, гомдол санал ч олноороо ярайж харагдана.

Шийдэл огт байхгүй болчихсон учраас ЗАМЫН ТҮГЖРЭЛ гэх сэдэв хаданд гарчихсан. Хувь хувьсгалын элдэв автомашинаар (ихэнхи нь хуучин) эх орноо дараад овоолоод, 3 сая хүндээ ахдахаар нэг сая хол давсан машинтай болоод авлаа. Хэрэв энэ зам өгүүлэл тавьж гомддог бол нулимс нь аль эрт ширгэчихсэн байх байлаа.

Хөөрхий, Төр-Засаг, нийслэлийн Засаг дарга нар(би тэднийг хөөрхийлж байна!) аргаа бартал ажиллаж байгааг бид харж байна. Гуйж гувших, ятгах, эх оронч уриалга, бага зэрэг торгууль, дугаарын солбисон хязгаарлалт, зам өргөтгөх, шинэ зам тавих, эрээн модтой цагдаа, сайн дурынхныг дайчлах гэх мэт хийсэн бүтээсэн зөндөө ажил байвч нөгөө ТҮГЖРЭЛ нь зөрүүд хүүхэд шиг улам адарна, бүр цаана нь гарах гэнэ, тэгэхээс тэгэх гэж, ерөөсөө яадаг юм гэж үзэж таарна.

Хичнээн зам тавиад, 50 салаа зам тавьсан ч машин үерийн ус шиг сад тавин цутган урсахад тэр нь багадна. Нийтийн тээвэрт суулгах гэж баахан ятгана. Ёстой гонж гэсэн шиг хувийн тэрэгтнүүд машинуудаа алаг алгаар нь хөлөглөөд давхина. Хобби нь юм чинь!

Бат-Үүлийн үед Метроны төсөл эхэлсэн, одоо таг болсон. Өдийд нийслэлчүүд газар доогуур метродоод давхиж явах ёстойсон. Дүүжин зам, гүүрэн зам гэж ярина. Бас л сааталтай. Мөнгөндөө шалтгаан нь байгаа мэтээр ярьдаг ч үнэндээ хичнээн их доллар, төгрөг зарцуулаад түгжрээ огт арилахгүй. Яагаад?

Би хэлж байсан, хэлсээр ч байна. Юу гэвэл монгол хүн хувьдаа авсан машинаа л унана. Дугаараар хязгаарлаад эхэлмэгц хоёр дугаар авчихна. Гурвыг ч авсан чадна. Метро байгуулчлаа гэж бодъё. Нэг хэсэг монголчууд сониучирхаад орно, сууна, үзнэ. Бусдаар хов хоосон давхих болно. Нийтийн тээвэр хөгжүүллээ гэсэн чинь хотоор нэг хоосон автобуснууд давхилдана. Одоо шүү дээ. Ажил цуглах тарах цагаар л автобус дүүрдэг, бусдаар Та нар хараарай, тав аравхан хүнтэй автобус л төв замаар уралдаж явдаг.

Юу үнэн бэ? Монголчуудын машины туйлшрал хэтрээд зам нь ачааллаа хэзээ ч даахаа байгаад түгжрэл нь өвөл зунгүй, жилийн дөрвөн улирлын турш нийслэлийг, нийслэлчүүдийг дарамталлаа. Тээврийн цагдаагийн алба нөгөө талд нь ёстой нэг шалчийтлаа хүчгүйтлээ. Тээврийн цагдаагийн удирдлагыг мянга солиод нэмэргүй, мянган цагдаа нэмж өгөөд ч нэмэргүй. Зохицуулж хүчрэхгүй асар том машины далайд энэ хот живлээ. Энэ улс чинь “ТЭГ ЗОГСОЛТ” хэзээ мөдгүй хийх дээрээ тулсан уу, хийгээд байна уу, би лав ойлгохоо байсан.

Юу үнэн бэ? Ардчилсан тогтолцоо нь хувийн өмчтэй (хувийн машинтай) байж болно гэчихсэн. Нэгэнт улс төрийн зөвшөөрөлтэй, хуультай тул монголчууд гандан буурдаггүй. Монголчуудын машины шуналын ДЭВ, ДОН, САГСУУРАЛ зогсдоггүй. Машин нэмж аваад байдаг, аваад байдаг. Авсаар ч байх болно. Монгол хүний ГЕН-д байгаа машины ДОН, ШУНАЛ-ыг ор тас арилгахгүй бол нийтийн ямар ч тээвэр хөгжүүлээд нэмэргүй. Зам ба машинтай нь биш, ТАРХИ-тай нь л ажиллах хэрэгтэй. Хувь заяанд нь захируулж сурмаар байна. Мөнгөгүй, машин унах тэнхээгүй хүмүүс баячуудтай мөчөөрхөж машин бариулдагийг ТАРХИ-наас нь яаж гаргаж хаях вэ?

ТҮГЖРЭЛ-ийг эх оронч уриа ухуулгаар шийдэхгүй. Ердөө хуулиар л хийчих. Эдийн засаг буюу төлбөрөөр шийдье. Үнэхээр өдөр бүр машин унах шаардлагатай бол өндөр татвар төлөөд унаг. Олигархиуд энэ шалгуурт тэнц. Татвараа төлөөд цаг наргүй давхиг. Машин унах чадвартай, шаардлагатай нь төв рүү орог, унаг, бусдаар бол нийтийн тээвэрт сууна. Энэ бол дэлхийн аль ч улсад хаа ч батлагдсан зүйл. Эрх чөлөөг нь боймлож буй биш.

Ардчилaл ТҮГЖРЭЛ-д ямар ч буруугүй, хуулиар зохицуулж чадаагүй төр буруутай. Гол нь монголчуудын ШУНАЛЫН ДЭВ, САГСУУРАЛ буруутай. Иймд бид өөрсдөө буруутай.

Одоо төр хүчтэй оролцож зохицуулахгүй бол болохоо байсан. Яаж? Хуулиар:

Машины дугаар олгох ажлыг бүтэн жилээр түдгэлзүүлчих.
Жолооны курсуудыг бүтэн жилээр хаачих.
Машины импортыг бүтэн жилээр зогсоочих.
Давхиж яваа машинуудынхаа насжилтыг тогтоогоод хориод үз.
Давхиж яваа машинуудынхаа өнгө үзэмж, чанар чансаанд шалгуур тавиад ихэнхийг нь нийслэлийн төв гудамжаар (баруун 4 замаас зүүн 4 зам гэхчлэн) явуулахгүй гээд чангалаад үз.
Ажлын цагаар хувийн дугаартай машин хязгаартай зорчуулах шийдвэр гаргачих.
Зогсоолуудыг чангал, ил задгай тавьсныг шууд ач (барагдахгүй байх даа?)
Нийслэлийн гудамжинд явах машины овор, том жижгээр ялгалт хийгээд үз.
Монголд орж ирж буй машины рэ-экспортыг Төрийн бодлогоор дэмжчих.
Хотод унуулах, хөдөө унуулах машиныг ялгаж сортлоод хуульчил, хувь заагаад өг.

Ийм олон хувилбар (лав 10) байна. Мэргэн уншигчид Та бүхэн илүү олон хувилбар дэвшүүлэгтүн!

Хувийн тэргээрээ бахархах, мөчөөрхөх, моодлох чинь лав нийслэлд моодноос гарлаа. Жолооч, жолоо мушгиж яваа бүх хүн стресстэй, зам дээр хүн ард нь хамаг алтан цагаа барлаа. Машин дотроо амьдрах–хооллох, амрах, хүүхэд хичээл давтах, зурагт үзэх, ажлаа явуулах, нөхөн үржих тэр цөвүүн цаг (жаргалтай цаг ч юм бил үү?) тун айсуй. Ийм дээрээ тулчих юм бол олон сайхан хаус, өргөөгөөр ч яадаг юм. Аж төрөх жорлон баннтай томхон машин захиалчихсан нь дээр.

Миний баттай тааварлаж байгаагаар ЗАМЫН ТҮГЖРЭЛ-ээр эрдмийн зэрэг хамгаалах эрдэмтэд тоогоо алдана. Төрийн шагналтан ч төрж мэднэ. ЗАМЫН ТҮГЖРЭЛ-тэй гайхамшигтай тэмцсэн цагдаа нарт гавьяат хуульч ойрхон байгаа. Шагнаж л таарна.

Утаагүй, түгжрэлгүй, хоггүй, аюулгүй, бухимдалгүй хотын төлөө МАН орон нутгийн сонгуульд орж байна билээ. Бусад намууд ч хотын түгжрэл, утаа, ажилгүйдэл, архидалтыг шийднэ, тэмцэнэ, арилгана гэх уриатайнийслэлд үзэж таарах нь байна.

Яаж бий болгох гэдэгт ганц нэг хариултыг (хүний эрх рүү нь халдаж байж!) дээр санал болголоо. ТҮГЖРЭЛ-ийг АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ-ээс бүрмөсөн салгая!

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.