Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжив. Нөхцөл байдлыг харгалзан 09 дүгээр сарын 15-наас хойш зарим хязгаарлалтын дэглэмийг сулруулах, цуцлах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. 08 дугаар сарын 25-ны байдлаар Монгол Улсад 298 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 289 хүн эдгэрсэн, эмчлүүлж байгаа есөн хүний нэгийнх нь бие хүндэвтэр байна. Дэлхийн 216 улсад 23.8 сая хүн халдвар авч, 817 мянга гаруй хүн нас барж, 16,4 сая хүн эдгэрсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Цар тахлын улмаас 60 орчим улс онц байдал зарлаж, 50 улс хөл хорио тогтоон, 80 гаруй улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоосон, хил хаасан хугацаагаа сунгаад байна.
Станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлнэ
– Эрчим хүчний үйлдвэр, компаниудын үндсэн болон туслах тоноглолын засвар үйлчилгээг төлөвлөсөн хугацаанд нь хийж дуусгах
– Дулааны цахилгаан болон дулааны станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөцтэй байх, аваар ослын үед ашиглах техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх
– “Багануур”, “Шивээ-Овоо”, “Шарын гол” компанийн найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай түлш, шатахууны нөөц бүрдүүлэх, хөрс хуулалт, их засварын ажлыг хугацаанд нь хийх, нүүрсний бэлэн нөөцийг хэвийн хэмжээнд байлгах
– Аймаг, нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын ус хангамж, ариутгах татуургын их болон урсгал засвар, туршилт тохируулгыг хугацаанд нь чанартай хийх
– Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн халаалтын уурын зуухны янданд утааны шүүлтүүр суурилуулах
– Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөцийг үйлдвэрийн хашаанд 300 мянган тонн, Төв аймаг дахь дундын агуулахад 700 мянган тонн байхаар тооцох, 120 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, агентлаг, аймаг, нийслэл, компанийн удирдлагуудад үүрэг болгов. Өвөлжилтийн бэлтгэл ажлын дүнг нэгтгэн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулахыг сайд Н.Тавинбэхэд даалгав.
Маргаашаас нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар үзүүлж эхэлнэ
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар сайд А.Ариунзаяа танилцуулав. Засгийн газар 2020 -2024 онд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилт тавиад байна. Энэ хүрээнд эхний ээлжинд төрийн байгууллагуудад байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжтай холбоотой үйлчилгээг 08 дугаар сарын 26-ны өдрөөс буюу маргаашаас цахим хэлбэрээр үзүүлж эхэлнэ. Ингэснээр иргэд олон баримт материал бүрдүүлэх, заавал халамжийн байгууллагад очих, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авах гэж банкинд дугаарлах зэрэг шаардлагагүй болж байна. “Нийгмийн халамжийн нэгдсэн систем” нэвтэрснээр тухайн иргэн ehalamj.mn, ТҮЦ машин, ebarimt аппликейшн ашиглан халамжид хамрагдах хүсэлтээ гаргах, өргөдөл, хүсэлт нь хэрхэн шийдвэрлэгдэж байгаад хяналт тавих боломжтой. Тухайлбал 450 орчим мянган иргэн эхний ээлжинд “Насны хишиг”, жирэмсэн эхийн, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны, ихэр хүүхдийн, өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийн мөнгөө цахим системээр дамжуулан авна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30426
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.