10 удаагийн тусгай нислэгээр 3000 орчим иргэнээ авна

2020-07-1 Засгийн газар

УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр энэ сард хийх нислэгийн талаар болон бусад мэдээллийг ГХ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өглөө.

Тэрбээр “УОК-ын 24, 25 хуралдаанд иргэдээ татан авах долдугаар сарын төлөвлөгөөг танилцуулж зөвшөөрөл, чиглэл авлаа.

Гадаад орноос долдугаар сард иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн хуваарийг танилцуулъя.

7 дугаар сарын 2-нд БНСУ руу хоёр онгоц нисгэнэ. Нислэгийг тэнд байгаа иргэдийн тоотой уялдуулж байна.
7 дугаар сарын 4-нд Токио хот руу
7 дугаар сарын 7-нд Сөүл рүү дахин хоёр нислэг хийнэ.
7 дугаар сарын 9-нд Туркийн Истанбул руу транзит нислэгтэй. 10-ны үүрээр Улаанбаатарт ирнэ.
7 дугаар сарын 15-нд Сөүл хот руу транзит зорчигч авах нислэг хийнэ. Ингэхдээ АНУ-д байгаа иргэдийг түлхүү хамруулна.
7 дугаар сарын 20-нд Сөүл
7 дугаар сарын 21-нд Токио
7 дугаар сарын 26-нд Европын монголчуудыг татаж авах Франкфуртийн транзит нислэг хийхээр төлөвлөлөө.

Эдгээр нислэгийн хуваарийг тусгаарлах байртайгаа уялдуулж гаргасан байна. Тусгаарлах байр суларч ариутгал, халдваргүйжүүлэлт хийх журмыг мөрдсний дараа тусгай нислэгийн хуваарь гардаг. Долдугаар сарын сүүлээр тусгаарлах байрны хүртээмжийг харж байгаад дахин тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа аж.

Өнгөрсөн 5,6 дугаар сард ОХУ-аас оюутнуудыг авчирсан.

Төгсөх курсийн болон хичээл нь үргэлжилж буй 350 орчим оюутан үлдсэн байсан. Үүнээс 114-ийг нь зургаадугаар сарын 25-нд татаж авсан. Үлдсэн 220 орчим оюутныг 7 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор авчирна.

Мөн 7 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Замын-Үүд боомтоор БНХАУ-аас иргэдээ татаж авна.

Хятадад байгаа 308 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Үүнд албадан байцаагдаж буй, ял эдэлсэн, оюутан, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан иргэд байна.

Долдугаар сард 3,000 орчим иргэнийг татаж авах төлөвлөгөө гарсан.

Хоёрдугаар сараас хойш иргэдээ татаж авах давтамж нэмэгдсээр байгаа. Тухайлбал 5 дугаар сард 2,365 иргэнийг татаж авсан бол зургаадугаар сард 2,358 иргэнээ авсан. Энэ сард агаарын зам дээр нэмэн авто замаар иргэдээ татаж авна.

Тавдугаар сард 500 гаруй оюутныг ОХУ-аас авто замаар татаж авсан.

ЭСЯ-ны гадаа үймээн самуун гаргахгүй байхыг анхааруулъя
Иргэдээс хүсэх нэг зүйл байна. Зарим ЭСЯ-ны гадаа иргэд зохион байгуулалттайгаар үймээн самуун гаргаж байна. Ингэснээр бид тэр иргэдийг авна гэсэн үг биш. Хүндэтгэн үзэх шалтгаанд хамрагдахгүй ч удаан хугацаагаар хүлээж байгаа иргэдийг татаж авах чиглэлийг УОК-оос өгсөн.

Үүнтэй холбоотойгоор ЭСЯ, Консулын газар эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг он, цагийн дарааллаар эрэмбэлж байгаа. Удаан хугацаагаар хүлээж байгаа иргэдийг таван шалгуурт оруулахгүйгээр авчрах чиг барьж байгаа. Тиймээс иргэдийг тайван байж, үймээн самуун дэгдээж тухайн улсын хууль, тогтоомжийг зөрчихгүй байхыг анхааруулъя.

Хилийн хөдөлгөөнийг зогсоох тухай шийдвэр цаашид буюу наймдугаар сард хэрхэх тухай мэдээлэл бидэнд одоогоор байхгүй.

Улс орнууд хилээ нээгээд байгаа хэдий ч тэд богино хугацааны аяллын иргэдийг авахгүй байгаа.

Хойд хөршид халдвар буурах хандлага байгаа ч коронавирусийн халдварын тоо маш өндөр байна. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирж байгаа халдварын дийлэнх нь ОХУ-аас орж ирж байгааг та бүхэн мэднэ.

Япон, Солонгост эрдэмтэд болон эрүүл мэндийн байгууллагаас нь коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа гарсныг анхааруулж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын буюу буй хорио цээрийг цуцлах эсэхээ ярьж байгаа тухай бүх мэдээлэл бидэнд ирдэг юм” гэв.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.