Стивен Сигалыг Украинд орохыг таван жилээр хоригложээ

2017-08-15 Ертөнц

Холливудын од Стивен Сигалыг Украины үндэсний аюулгүй байдалд халтай хэмээн тус улс руу нэвтрүүлэхийг хоригложээ. Таван жилийн хугацаатай тавьсан энэ хориг С.Сигалын ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй тогтоосон найз нөхдийн холбооноос үүдэлтэй аж.    2014 онд Украины Крым мужийг ОХУ-д нэгтгэсэн явдлыг зөв хэмээн үзэж байгаагаа мэдэгдэж байсан жүжигчин эр Вашингтоны бодлогыг шүүмжлэн буруутгахын зэрэгцээ Кремлийн бодлогыг магтан сайшаадаг нэгэн. 2016 онд Ерөнхийлөгч Путинээс Оросын иргэний харьяалал хүлээн авсан түүнийг Украины аюулгүй байдлын эсрэг нийгэмд халтай үйл ажиллагаа явуулсан гэж тус улсын Засгийн газар үзэж,  хил нэвтрүүлэхийг хориглох хүмүүсийн жагсаалтад оруулжээ. Нийгэмд халтай үйл ажиллагаа гэдэг нь С.Сигал 2014 онд Крымд болсон Путинийг дэмжигч мотоциклчдын цуглаан оролцсоныг хэлж буй бололтой.

Путинийг ах шигээ санадаг хэмээн ярьдаг Стивен Сигал дэлхийн өнөө үеийн хамгийн агуу удирдагчдын нэг нь Путин гэж үздэг. ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ойр дотно харилцаатайгаасаа болоод Стивен Сигал Эстони улсад мөн нэвтрэх эрхгүй болсон юм. Крымийн тухай үгэнд нь эгдүүцсэн эстоничууд эсэргүүцэл зарлан, 2014 онд түүнийг “persona non grata”буюу улс орондоо хүлээн авч болохгүй хүмүүсийн жагсаалтад оруулсан юм.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.