Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан 21208 иргэний тэтгэвэр ирэх оноос 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

2019-11-6 Парламент

-Ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ-

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны есдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл -ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, Байнгын хороодод шилжүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийлээ.  Засгийн газраас 2020 онд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ бодлогын хүрээнд: төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлэн төсвийг эрүүлжүүлэх, алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг хэрэгжүүлэх; Засгийн газрын 2012-2016 онд гаргасан бондуудыг эргэн төлөхтэй холбогдуулан төсвийн алдагдлыг хуульд заасан хэмжээнээс сайжруулах, татварыг бүрэн тэгш хураах боломжийг бүрдүүлэх; зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх; өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөоөнгө оруулалтын ажлуудыг дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх; бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилт тавьж, ирэх оны төсвийн төсөлд тусгасныг сайд танилцуулгадаа онцлов. Мөн нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж төсвийн үр ашиг, хүртээмжийг сайжруулах бодлогын хүрээнд зарчмын шинжтэй зарим тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгасныг дурдлаа.

Энэ үндсэн дээр Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нийт зарлага 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл -1.2 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцож төслийг өргөн мэдүүлсэн гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Байнгын хорооны хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрэээнд хамаардаг салбарын сайд нар, яамд, төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон зарим удирдлагууд, мөн Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг оролцлоо.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа, Д.Оюунхорол нар Сангийн яамны ажлын хэсэг болон яам, агентлагийн холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Я.Санжмятав нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Дараа нь Монгол Улсын 2020 оны улсын төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад туссан “Хүүхдийн спортын наадам” гэснийг “Олон улсын залуучуудын ногоон наадам” гэж нэрийг нь өөрчлөх саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагааг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс тус төвийн урсгал зардалд дутагдалтай байгаа 8.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн сайдын багцад нэмж тусгах санал гаргаж, гишүүдийн дэмжлэгийг авсан юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа Гоц халдварт өвчний буюу Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн агуулах барихад шаардагдах 500 сая төгрөгийг төсөвт нэмж тусгах санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжив.

Ингээд Монгол Улсын 2020 оны улсын төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ талаар хийсэн танилцуулгадаа, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан бөгөөд түүнээс хойш нийт 52 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Өнөөдрийн байдлаар нийт 29 тусгай сан байгаа бөгөөд эдгээрээс 19 сангийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар, бусад 10 сангийн үйл ажиллагааг тусдаа хуулиар зохицуулж байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцэлж, оновчтой зохион байгуулснаар төсвийн сахилга батыг нэмэгдүүлж, тусгай сангуудын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдолтой. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Засгийн газрын тусгай сангуудын давхардал арилж, зарцуулалт нь оновчтой, үр ашигтай, ил тод болж,  хяналт хариуцлагын тогтолцоо сайжирч, төсвийн сахилга батыг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж Засгийн газар үзэж байгаа. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт нийтдээ 15 хуульд өөрчлөлт оруулахаар болж байгаа. Үүнийн нэг нь Тамхины хяналтын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм гэдгийг дурдлаа.

Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг “Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан эх үүсвэрээр бүрдэнэ” гэж, 2 дугаар зүйлд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг “Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан зориулалтаар зарцуулна” гэж тус тус өөрчлөн найруулахаар тусгажээ. Харин төслийн 3 дугаар зүйлд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцохоор тусгасан байна. Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.

Танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Ирэх оны эхнээс 21208 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Засгийн газрны гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийсэн юм. Засгийн газраас 2020 онд хэрэгжүүлэх төсвийн бодлогын хүрээнд төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ 2020 онд нэг удаа нөхөн төлж, тэтгэвэр авах боломж бүрдүүлэх юм. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг Улсын Их Хурал 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлснээр иргэн нэг сарын 42 000 төгрөг, жилийн 504 000 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлнө. Хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор 2020 онд 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын санд 133.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 42 мянган хүний тэтгэвэрт 65.1 тэрбум төгрөг зарцуулна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид шимтгэл нөхөн төлсөн жилээсээ эхлэн тэтгэвэр тогтоолгох боломжийг хамтад нь олгож байгаатай холбогдуулан тэтгэврийн сангийн эх үүсвэрийг тогтвортой байлгахад чиглэсэн зарим өөрчлөлтүүдийг холбогдох хуульд өөрчлөлт оруулах замаар зохицуулж байгааг сайд онцоллоо.

Мөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт хийгдсэн дараах зардлуудыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн сангаас санхүүжүүлэхээр тусгасан. Үүнд:

–       Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох;

–       Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох;

–       Нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг төрөөс;

–       Сайн дураар даатгуулсан эхийн хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг холбогдох хуульд өөрчлөлт оруулж 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгох юм.

Түүнчлэн Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ. Үүнд, Улсын Бага Хурлаас 1990 оны 11 дүгээр сард “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Тэтгэврийн хууль”-ийг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү шинэчлэлийн нэг өөрчлөлт нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд болон улсанд олон жил ажилласан хүмүүсийг онцгойлон үзэж хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилсан явдал байв. Гэвч хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нь нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар болсон гэдгийг сайд танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Оюунхорол нар үг хэлж, Засгийн газраас малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгож байгаа, мөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн хуулийн зохицуулалтыг  хэрэгжүүлэхээр болж байгаа, түүнчлэн хөдөлмөрлөх ид насандаа явсан олон ээжийг олон хүүхэдтэй, мөн эрчүүдийг ажилласан жил нь хүрсэн гэсэн шалтгаар ажлын байр чөлөөлөх нэрийн дор хөнгөлөлттэй нөхцөл гэдгээр эрт тэтгэвэрт гаргаснаас бусдаас харьцангуй бага тэтгэвэр авч байгаа тэдгээр иргэдийг тусгайлан анхаарч тэтгэврийг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаад Засгийн газар, салбарын сайдал талархаж буйгаа хэлж байв.

Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэглдүүлэх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа нарын 12 гишүүний өргөн мэдүүлсэн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжаваас өргөн мэдүүлсэн “Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслүүдтэй нэгтгэн, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг суурилж, төслийн нэрийг “Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв. Мөн хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “эхчүүд, эмэгтэйчүүдийн” гэснийг “зарим иргэдийн” гэж өөрчлөх, төслийн 1 дүгээр зүйлд “1.4.Нийтдээ 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй” гэсэн агуулгатай 1.4 дэх хэсгийг нэмэх зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ.

Дээрх гурван хуулийн төслийн агуулга нь ижил бөгөөд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн тухай хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх зорилготой юм.

Хуулийн төсөл батлагдсанаар 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан 21208 иргэний суурь тэтгэврийн хэмжээ ирэх оноос 50 мянган төгрөгөөр нэмэгдэх юм байна. Энэ арга хэмжээнд зориулж 2020 оны улсын төсөвт 12.7 тэрбум төгрөг тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.