Н.ЦЭРЭНБАТ: Монгол Улс озон задалдаг гидрохлортфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг 2030 он гэхэд хэрэглээнээс халахаар ажиллаж байна

2019-08-26 Байгаль орчин

Азийн бүсийн Озоны албадын “Озон задалдаг гидрохлортфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг хэрэглээнээс гаргахад гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн орлуулах бодисыг бууруулах ажлыг идэвхжүүлэх асуудал” хуралдаан Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Энэ сарын 26-29-ны өдрүүдэд үргэлжлэх тус хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын нээж үг хэллээ.

Озоны давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протокол, түүний Кигалийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэхээр Афганистан, Бутан, Бангладеш, Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ), Иран, Малдив, Монгол, Балба, Пакистан, Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ), Шри Ланка зэрэг орнуудын төлөөлөгчид Улаанбаатар хотод хуралдаж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, озоны цоорлоос дэлхий нийтийг хамгаалах асуудлаар улс орнууд өөрсдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар харилцан арга туршлагаа солилцож, гурван өдрийн турш хэлэлцэх юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг хараахан батламжлаагүй ч, шаардлагатай дотоодын үйл ажиллагааг гүйцэтгэж энэ оны эцэс гэхэд батламжлахаар бэлтгэж байна.

Сүүлийн 20 жилд бид озон задалдаг бодисын хэрэглээнд хяналт тавих талаар нэлээд ахицтай ажиллаж байна. Монгол Улс 2010 оны 1 дүгээр сард хлортфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг бүр мөсөн хэрэглээнээс халсан ба түүнээс хойш гидрохлортфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг 2030 он гэхэд бүрмөсөн хэрэглээнээс халах зорилготой ажиллаж байна гэдгийг онцлон хэллээ.

Түүнчлэн тэрбээр Монгол Улс Монреалийн протоколыг хэрэгжүүлэхийн тулд озон задалдаг бодисын худалдаа, хэрэглээний зөвшөөрлийн тогтолцоо, байгаль орчин, агаарын чанар, химийн аюултай бодис, аж ахуйн үйл ажиллагаа, үндэсний аюулгүй байдал гэх мэттэй холбоотой 10 гаруй холбогдох хууль, бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар озоны давхаргыг хамгаалах хэд хэдэн хууль, тогтоомжийг боловсруулаад байгааг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд дуулгалаа.

“МОНГОЛ УЛСАД СҮҮЛИЙН ҮЕД НЭВТРЭЭД БУЙ ОЗОН ЗАДЛАХ ЧАДВАР БАГАТАЙ ТЕХНОЛОГИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА”

Хуралдааны үеэр озон-уур амьсгалд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологийн хэрэглээг дэмжих, олон нийтэд түгээх зорилгоор “Озон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи (02С)” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэнг нээж БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улс Озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколын 5 дугаар зүйлд хамаарах Тал-Улс орон улс бөгөөд сүүлийн 20 жилд озон задалдаг бодисын хэрэглээг үе шаттай бууруулан, хэрэглээнээс бүр мөсөн гаргахад хүчин чармайлт гарган ажиллаж байна.

2011 оноос хойш Монгол Улс олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн хөргөх бодисын хэрэглээг үе шаттай бууруулан, 2030 онд хэрэглээнээс бүр мөсөн гаргах зорилготойгоор хөтөлбөр гарган хэрэгжүүлж байна.

Монгол Улсад импортолж буй бүх төрлийн хөргөх бодисыг хөргөлт, агааржуулалтын засвар, үйлчилгээ, хөөсөнцөр үйлдвэрлэлийн салбарт ашигладаг.

Одоогоор Монгол Улс дээрх хөтөлбөрийн I шатыг 2011-2020 онд хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд гидрофторт нүүрстөрөгчийн хөргөх бодисын хэрэглээг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар суурь түвшин болох 1.4 озон задлах чадвар тонн-оос 35 хувиар бууруулах зорилготой бөгөөд заавал биелүүлэх үүрэгтэй.

Тиймээс Монгол Улсад сүүлийн үед нэвтрээд буй озон задлах чадвар багатай, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар бага орлуулах технологийг олон нийтэд, хэрэглэгчдэд танилцуулах “Озон-амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэн одоогоор Монгол Улсад хэрэглэгдэж буй озон задлах чадвар багатай, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар бага эрчим хүчинд хэмнэлттэй сонгогдсон бүтээгдэхүүн техник технологийг танилцуулна” гэдгийг онцоллоо‍.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.